Меркелийн нисэх онгоцонд гарсан эвдрэл гэмт хэргийн шинжтэй байхыг үгүйсгэсэнгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЕРЛИН. /TASS/. Германы Канцлер Ангела Меркелийн нисэх онгоцонд гарсан эвдрэл гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж тус улсын Засгийн газар үзэж байна. Энэ тухай "Rheinische Post" сонинд Германы аюулгүй байдлын байгууллагууд дахь эх сурвалжуудын мэдээллийг иш татан бичжээ.
Тус сонинд мэдээлснээр, энэ явдлыг анхнаас нь “гэмт хэргийн шинжтэй” гэж үзэж байгаа аж. Энэ тохиолдолд мөрдөн шалгах ажлыг “бүх чиглэлд” явуулна гэж аюулгүй байдлын байгууллагуудын эх сурвалжууд онцлон тэмдэглэсэн байна.
Меркелийн онгоцонд ийм эвдрэл урьд өмнө гарч байгаагүй гэдгийг тус сонинд цохон тэмдэглэжээ. Хэдийгээр нисэх онгоц Амстердамаас холгүй нисч байсан боловч тус хотын нисэх онгоцны буудлын зурвас газардахад хангалттай урт биш байсан учир Кёльны нисэх буудал руу нисэхээс аргагүйд хүрчээ. Үүнээс гадна, нисэх онгоцны дугуйг буулгах механизм ажиллахгүй байж магадгүй гэж болгоомжилж байсан байна.
Пүрэв гарагт Германы Канцлер Ангела Меркелийн нисэх онгоцонд техникийн саатал гарсны улмаас “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Аргентин руу хийж байсан нислэгээ зогсоохоос аргагүйд хүрчээ. Канцлерын нислэг Нидерландын нисгэгчдийн баг Герман руу буцах шийдвэр гаргах хүртэл нэг цаг орчим үргэлжилсэн байна. “Airbus А340 Konrad Adenauer” нисэх онгоц Кёльнд аюулгүй газарджээ.
Энэ нь Германы Засгийн газрын нисэх онгоцонд асуудал гарсан анхны тохиолдол биш юм. Саяхан Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын нислэг саатаж байв. Өнгөрсөн оны гуравдугаар сард Египет рүү нисэхийн өмнө Меркелийн онгоцонд эвдрэл гарч байжээ.