Францын Ерөнхий сайд жагсагчдын төлөөлөлтэй уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-03 10:54:07

ПАРИС. /BBC/. Олон арван хүн гэмтэж бэртсэн эмх замбараагүй байдлыг дуусгавар болгох арга замыг олохын тулд Францын Ерөнхий сайд Эдуар Филипп улс төрийн намууд болон жагсагчдын төлөөлөлтэй даваа гарагаас эхлэн яриа хэлэлцээ хийхээр болжээ.


Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсагчидтай хэрхэн зөвшилцөх талаархи уулзалтыг Ерөнхийлөгч Эмманюэль Макрон өнгөрсөн ням гарагт зохион байгуулжээ. Э.Макрон Аргентинд болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоод ирсэн даруйдаа жагсагчдын эвдэж сүйтгэсэн газруудад очиж, нөхцөл байдалтай танилцсан юм.


Францын Засгийн газар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээнүүдийн хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн сараас эхлэн Франц даяар томоохон жагсаал цуглаан өрнөх болсон билээ.


Өнгөрсөн бямба гарагт Парис хотод болсон жагсаалын үеэр жагсагчид болон аюулаас хамгаалах хүчний ажилтнууд хооронд мөргөлдөөн үүсчээ. Энэ үеэр 130 гаруй хүн гэмтэж бэртсэний зэрэгцээ 400 гаруй хүнийг баривчилсан байна. 

Холбоотой мэдээ