Ж.Хашогги Саудын Арабын эрх баригчдын эсрэг кампанит ажил явуулах асуудлыг хэлэлцэж байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-03 11:41:37

НЬЮ-ЙОРК. /CNN/. Сэтгүүлч Жамаль Хашогги Саудын Арабын эрх баригчдын эсрэг идэвхтнүүдийн хөдөлгөөн байгуулах асуудлыг хэлэлцэж байсан тухай телевизийн “CNN” суваг мэдээлсэн байна.


Ж.Хашогги болон Саудын Араб гаралтай Канадын Монреаль хотын оршин суугч Омар Абдель Азиз нарын “WhatsApp”-р харилцаж байсан цахим зурвасуудтай тус телевизийн сэтгүүлчид танилцжээ.  Жилийн хугацаанд хуримтлагдсан 400 зурвасыг Абдель Азиз өөрөө “CNN” телевизэд үзүүлсэн байна. Тус зурваст Ж.Хашогги Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийг “араатан” гэж нэрлэхийн сацуу түүнийг ханаж цадахгүй их иддэг компьютерийн "Пакман" гэдэг тоглоомтой зүйрлэжээ.


“Түүнийг дэмждэг хүмүүс дарангуйллын уршгийг хүртэнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн тэрбээр зурвастаа тэмдэглэсэн байдаг аж. Түүнчлэн интернетэд Саудын Арабын эрх баригчдыг эсэргүүцсэн залуучуудын хөдөлгөөн байгуулах боломжийг Хашогги, Абдель Азиз нар авч хэлэлцсэн байна.  


Үүнтэй холбогдуулан ухаалаг гар утсанд нь зөвшөөрөлгүй нэвтрэх боломжийг Саудын Арабын эрх баригчдад олгох програм хангамжийг боловсруулсан гэх Израилийн компанийг шүүхэд өгөх бодолтой байгаагаа Абдель Азиз мэдэгдсэн байна.


“Үүнийг мэдэгдэхэд харамсалтай байгаа хэдий ч миний утсыг хакердсан явдал нь Жамальд тохиолдсон хэрэгт чухал үүрэг гүйцэтгэсэн” хэмээн тэрбээр ярьсан байна.


Нийгмийн сүлжээнд үйл ажиллагаа явуулах идэвхтнүүдийн бүлгийг байгуулахад зориулж 5 мянган ам.доллар Абдель Азизд  сэтгүүлч Хашогги явуулсан байна. Сэтгүүлч Ж.Хашоггийн амийг өнгөрсөн 10 дугаар сард хөнөөсөн юм. 

Холбоотой мэдээ