Монгол Улс Тайваниас 8 сая гаруй ам.долларын импорт хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-12-03 12:44:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны эхний есөн сарын үзүүлэлтээр Монгол Улс Тайваниас импортоор авсан бараа бүтээгдэхүүний нийт дүн 8.149.525 ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.7 дахин өссөн үзүүлэлт гэдгийг Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газраас мэдээллээ.

Монгол Улс Тайваниас импортоор электрон бараа, техник тоног төхөөрөмж, эм бэлдмэл, эрүүл мэндийн  бараа бүтээгдэхүүнийг түлхүү импортолж буй бөгөөд энэ нь нийт дүнгийн 87 хувийг эзэлж байна.

Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгч Хуан Куо Рун хэлэхдээ,“Тайвань Монгол хоёр орон нь 2002, 2003 онуудад харилцан төлөөлөгчийн газраа нээж байсан бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд хичээн ажилласаар ирсэн. Манай төлөөлөгчийн газар Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх үүднээс өнгөрсөн оноос эхлэн "Тайвань Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг холбох” ажлыг өрнүүлж эхлээд байна.  Тайваниас 30 сая ам.долларын дүн бүхий санхүүжилтийн зээлийн шугамын гэрээг Монгол Улсын арилжааны 6 банкуудтай  байгуулан, хамтран ажиллаж байгаа. Үүнийг бизнес эрхлэгчдэд таниулах ажлыг эрчимжүүлж байна. Мөн Тайваний Гадаад Худалдааны Нийгэмлэгийн тусламжтайгаар Монгол Тайванийн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг хооронд нь холбоход анхаарч байна. Улмаар интернет сүлжээнд тулгуурласан нэгдсэн цогц бизнесийн үйлчилгээгээр дамжуулан Монгол Тайваний аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд бизнесийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэж эхэлсэн” гэв.

          

Холбоотой мэдээ