Путин эдгэршгүй өвчинтэй таван хүүхдийн мөрөөдлийг биелүүлэхээ амлав

Дэлхийн мэдээ | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2018-12-06 12:57:51
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эдгэршгүй өвчинтэй таван хүүхдийн мөрөөдлийг биелүүлэхээ амлажээ.

Тэрбээр лхагва гарагт Оросын сайн дурынхны чуулганд оролцож, буяны төслүүдтэй танилцсан байна.

Сайн дурынхан Путинд эдгэршгүй өвчинтэй хүүхдүүдийн хүсэлтийг биелүүлдэг “Надтай хамт мөрөөд” төслийн тухай ярьжээ. Үзүүлэнгийн самбарт эдгээр хүүхдүүдийн мөрөөдөл бүхий дугтуйнуудыг тавьдаг бөгөөд чуулганд оролцсон хүмүүс дугтуйнуудаас сонгож, нэг мөрөөдлийг биелүүлдэг байна. Сайн дурынхан Путинд дугтуй сонгохыг санал болгожээ. Оросын Ерөнхийлөгч үлдсэн байсан бүх дугтуйг авч, биелүүлэхээ амласан байна.

Дугтуйнуудын нэгд нэгэн хүү ИЛ-96 онгоцны тухай кино бүтээхийг мөрөөддөг тухайгаа бичжээ. Путин хүүг Москва хотод урьж, тусгай нислэгийн “Россия” багийн нисгэгчтэй танилцуулж, энэ онгоцыг үзүүлэхээ амласан байна.

Өөр нэг хүүхэд Санкт-Петербург хотыг шувуу нисдэг өндрөөс харахыг мөрөөддөгөө бичсэн байв. Оросын Ерөнхийлөгч түүнийг хэрэв цаг агаарын нөхцөл таатай байвал нисдэг тэргээр зугаалуулахаар Хойд нийслэлд урихаар төлөвлөж байна. Путин пүрэв гарагт болон ирэх долоо хоногт Петербургт очихоор төлөвлөж байгаа бөгөөд аль нэгэнд энэ хүүхдийн мөрөөдлийг биелүүлнэ гэжээ.

Кино урлагийн ертөнцийг “тогоон дотор нь” харахыг мөрөөддөг охинд Путин "Мосфильм" кино студитэй тус студийн захирал Карен Шахназаров, найруулагч Никита Михалков нарын хамтаар танилцуулах аялал зохион байгуулахаа амлажээ. Бас нэгэн охинд зориулж Путин “Russia today” телевизийн сувагт зочлуулах арга хэмжээг зохион байгуулах бөгөөд охин сонирхолтой хүнээс ярилцлага авах мөрөөдлөө биелүүлэх юм.

Путин өөртэй нь гар барихийг хүсдэг хүүгийн мөрөөдлийг уншаад сэтгэл нь ихэд догдолжээ.

“Сэтгэл маш их догдлолоо. Миний хувьд гэнэтийн зүйл байлаа” гэж Путин хэлээд, хүүг Москвад шинэ жилийн баярт урьж, мөрөөдлийг нь биелүүлэхийн тулд эмч нартай нь ярилцахаа амласан байна.


Холбоотой мэдээ