Н.Баатарбилэг: Дэлхийн дулаарал, хуурайшилтаас болж ойжуулах арга технологи өөрчлөгдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-12-06 13:55:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж ойжуулах арга технологи өөрчлөгдөж буйг өнөөдөр “Блю скай” төвд болсон “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн Үндэсний чуулган” дээр онцолж байв.

Тодруулбал, өмнө нь чийг их сайтай байсан учир ойг тарьж ургуулахад амар байсан бол одоо хайлах мөс, цэвдэг нь буурч, байхгүй болон хуурайшилт их явж буй нөхцөлд ойг тариа шиг үрээр тарих, тэр ч байтугай хүлэмжинд тарих хэмжээнд очиж, үүнтэй холбоотой агротехник хүртэл, усалгааны норм, тарих гүний хэмжээ хүртэл өөрчлөгдөж буйг МУИС-ийн Хэрэглээний шинжилгээний их сургуулийн захирал, ой судлаач, доктор профессор Н.Баатарбилэг хэлж байна.


Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, хуурайшилтаас болж ойжуулах арга технологи хүртэл өөрчлөгдөж байна 




Нөгөө талаар нэг га талбайг ойжуулахад зарцуулж байсан хөрөнгийн хэмжээ хүртэл өөрчлөгдөж өнөөдөр ойжуулалтад зарцуулах санхүүжилт хүрэлцэхгүй хэмжээнд хүрсэн учир хөрөнгийн нормативыг шинэчлэх шаардлага гарч ирж буйг хэллээ. 

Өнөөдрийн байдлаар ойчид ой модыг ил талбайд тарьж ургуулан нөхөн сэргээж буй боловч цаашид ой модыг хүлэмжинд тарих, тарьцын амьдралтыг нэмэгдүүлэхийн тулд бортогонд тарих шаардлага гарч ирж байна.

Учир нь ургамал ургалтын хугацаа богинсч, дээрээс нь чийгний хэмжээ бага байгаа тул чийгээ хадгалах хэрэгтэй болж буй юм. Ойжуулалтын арга технологи ийнхүү өөрчлөгдсөнөөр богино хугацаанд сайн чанарын тарьц бэлтгэн ойжуулалтад шилжүүлэх болж байна” гэв.

Өнөөдрийн ойжуулалтын байдлыг түүнээс тодруулбал, “1990 оноос манай улс зах зээлийн системд шилжсэнээс хойш ой хяналтгүй болж их хэмжээгээр огтолсон. Дээр нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хуурайшилт болон хүний хүчин зүйлээс болж ой их шатсан. Түймэр гарсан ойд хортон шавьж ихэсч түүний нөлөөнд их өртөмтгий болж байна. Хортон шавьж боргоцойноос эхлээд модны үрийг ихээр идэж байгаагаас үргүй болж байна. Мөн хуурайшилттай холбоотой ургалт муудаж байгааг хэлж байв. Ер нь бол манай орны ой доройтож байгаа” гэв.


Өнөөдрийн “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үндэсний чуулган” дээр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ мэргэжилтнүүдийн илтгэл дэх саналуудыг дэмжиж, дэлхийн дулаарал цаг уурын өөрчлөлтөөс үүдэн гарч буй хүндрэл бэрхшээлүүд нь Монгол орны төдийгүй Ази тив, дэлхийн бусад улс орнуудад тулгарч байгааг тэмдэглэж, ой мод тарих, ойг нөхөн сэргээх, ойжуулах ажил улам өндөр ач холбогдолтой чухал болж байгааг тодотгож байв.

Монгол оронд ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажлыг1970-аад оноос хийж эхэлсэн харьцангуй залуу салбар боловч дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ойжуулах ажлын ололт амжилт, үр дүнг бататган шинэчлэх, сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Энэ үүднээс Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үндэсний чуулганыг зохион байгуулж байгааг хэллээ.

Тодруулга: Манай улсын хэмжээнд түймэрт 1.701.3 мянган га ой, 134,8 мянган га ой ойн хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж, 104.8 мянган га талбайд мод бэлтгэжээ. Өнөөгийн байдлаар манай улсад 535 мянган га талбайд ойжуулалт хийхээр, 1.202.4 мянган га талбайд байгалийн сэргэн ургалтанд туслах ажил гүйцэтгэхээр 43.0 мянган га талбайд өсвөр модыг хамгаалах шаардлагатай байгаа талаар авахаар төлөвлөжээ. Дэлхийн нийт газар нутгийн 30 орчим хувийг эзлэн ургадаг ой мод нь дэлхийн дулаарлын үндсэн шалтгааны нэг болсон нүүрс хүчлийн хийг 80 хувь хүртэл шингээдэг байна.

Б.Болд

Холбоотой мэдээ