Австралийн амьтны хүрээлэнд "ехидна" төллөжээ

Дэлхийн мэдээ | Сонин хачин
khulan@montsame.gov.mn
2018-12-07 18:21:24

КАНБЕРРА. /Kyodo/. Австралийн Сидней хотын “Таронга” амьтны хүрээлэнд "ехидна" хэмээх амьтан ихэр зулзага гаргасан нь уг сүүн тэжээлтэн амьтан сүүлийн 30 жилд анх удаа төллөсөн хэрэг болжээ.


Хурц өргөсөөр бүрхэгдсэн биетэй ехиднагийн жин дээд тал нь 5-6 килограм хүрдэг байна. Дэлхий дээрх өндөг дардаг сүүн тэжээлтэн хоёр амьтны нэг нь ехидна бол нөгөө нь нугасан хошуут юм. Ехидна нь Австрали болон Шинэ Гвинейд амьдардаг бөгөөд түүний тоо толгой сүүлийн жилүүдэд ихээхэн цөөрчээ.


Уг амьтны нэрийн утга нь “хагас эмэгтэй, хагас могой” хэмээх утгатай Грек үг ба дэлхий дээрх маш өвөрмөц үржилтэй амьтдын нэгд зүй ёсоор тооцогддог байна.


“Зулзаганууд яг л том зараа шиг байсан” гэж амьтны хүрээлэнгийн мэргэжилтэн Бретт Финлэйсон сэтгүүлчдэд мэдээлжээ. Уг амьтны хүрээлэнд энэ төрлийн амьтан тийм ч олон удаа төллөж байгаагүй бөгөөд өмнөх амжилттай төллөлт 1987 онд тохиож байжээ. 

Холбоотой мэдээ