Канадын дахин нэг иргэнийг баривчилсан байж магадгүй гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-14 09:47:54

ОТТАВА. /ТАСС/. Хятадын эрх баригчид Канадын өөр нэг иргэнийг баривчлан саатуулсан байж магадгүй гэж Канадын Гадаад хэргийн сайд Христя Фриланд сэтгүүлчдэд мэдэгджээ.


“Бид түүнтэй өмнө нь холбоотой байсан боловч түүнээс хойш холбоо барьж чадсангүй. Түүний байршлыг тогтоохын тулд бид хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаа бөгөөд Хятадын албаны хүмүүстэй ярилцахдаа уг асуудлыг хөндсөн” хэмээн тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн Канадын тал түүний гэр бүлийнхэнтэй холбоо барьж байгаа аж.  


Тус иргэнийг бизнес эрхлэгч, жуулчин, дипломат аль нь эсэхийг асуухад К.Фриланд тодорхой хариулт өгөөгүй байна.


Үүнээс гадна Канадын иргэн Майкл Ковригийг Хятадын эрх баригчид баривчлан саатуулсныг Канадын Гадаад хэргийн яам баталжээ. "БНХАУ-ын Засгийн газартай бид байнгын харилцаа холбоотой байгаа бөгөөд энэ нөхцөл байдлыг хэлэлцсээр байгаа. Бидний хувьд уг асуудлаар Хятад улстай хамтран ажиллах нь чухал бөгөөд асуудлыг шийдвэрлэнэ гэж найдаж байна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.


Канадын дипломатч асан Майкл Ковриг Хятад улсад баривчлан саатуулсан тухай өнгөрсөн мягмар гарагт мэдээлсэн юм.

Холбоотой мэдээ