Төмөр замын төслөөс мөнгө завшсан Ли Жонг Ёлд 40 сая төгрөгөөр торгох ял оноов

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2018-12-14 17:58:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Samsung CT” компанийн захирал Ли Жонг Ёл нарт холбогдох Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам барих төслөөс мөнгө завшсан хэргийг Улсын дээд  шүүх хянан хэлэлцэв.

Тус хуралдаанаар Ли Жонг Ёлыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Харин түүний мөрдөн шалгах, таслан сэргийлэх ажиллагааны явцад цагдан хоригдсон 515 хоногийг торгох ялд дүйцүүлэн тооцож, ялын хэмжээг 32 сая 275 мянган төгрөгөөр тогтоосон байна. Харин Гу Ду Хёоны хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Хэргийг тодруулбал, “Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төсөлд Засгийн газраас 280 сая ам.доллар зарцуулсан ч төмөр замын суурь шороог өндөрлөснөөс өөр ажил хийгээгүй байна. Иймд төслийн захиалагч болох “Монголын төмөр зам” /МТЗ/ компани дээрх хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн гүйцэтгэгч компанийн удирдлагууд болох “Samsung CT” компанийн захирал Ли Жонг Ёл, "Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарыг шүүхэд өгөөд байсан юм.

Холбоотой мэдээ