Төвбанк бодлогын хүүгээ 11 хувьд хэвээр хадгалж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2018-12-14 17:54:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит хурлаа хийж Төвбанкны бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэснээ мэдээллээ.

2018 оны 11 дүгээр сард жилийн инфляци улсын хэмжээнд 8.1 хувьтай байна. Нийлүүлэлтийн шалтгаанаар мах, шатахуун, хатуу түлш зэрэг барааны үнэ өссөн нь инфляцид голлон нөлөөлжээ. Цалин болон дотоод эрэлтийн өсөлтөөр дамжин эрэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн инфляцид үзүүлэх нөлөө ирэх онд нэмэгдэхээр байна. Энэ оны эхний 11 сарын байдлаар худалдааны тэнцэл ашигтай, төлбөрийн тэнцлийн алдагдал бага байгаа нь төгрөгийн ханш тогтворжих суурь болж буйг мэдээллээ.

Энэ талаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, “Эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэх хандлагатай байна. Хэдийгээр гадаад орчны тодорхой бус байдал үргэлжилж байгаа боловч энэ оны эхний 11 сарын байдлаар худалдааны тэнцэл ашигтай, төлбөрийн тэнцлийн алдагдал бага байгаа нь төгрөгийн ханш тогтворжих суурь болж байна. Мөнгөний бодлогын хороо инфляцид нөлөөлж буй хүчин зүйлс, тэдгээрийн цаашдын төлөв, бизнесийн идэвхжил зэргийг харгалзан үзэж бодлогын хүүг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр инфляцийг дунд болон урт хугацаанд зорилтот түвшний орчинд тогтворжуулах зорилттой, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байна” гэдгийг тэмдэглэв.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

Холбоотой мэдээ