Газраа чөлөөлсөн 25 өрхөд 1.7 тэрбум төгрөгийн нөхөн олговор өгөх шаардлага үүссэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-19 13:58:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулж, нэмж ор тавих, цэцэрлэг бүрийг эмчтэй байлгахад анхаарч, томуугийн дэгдэлтийг намжаахад бүх бололцоогоо ашиглах ёстойг холбогдох хүмүүст анхаарууллаа.

Нийслэлийн эмнэлгүүдийн орыг нэмж, цэцэрлэг бүрийг эмчтэй болгоно

Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний тархалтын талаар мэдээлэл хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээгээ танилцуулсан юм. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагууд нийтдээ 2239 ортойгоос 977 нь хүүхэд хэвтэн эмчлүүлэхэд зориулсан байдаг учир томуугийн ид дэгдэлтийн үед ор хүрэлцдэггүй, эмч, сувилагчийн ажлын ачаалал нэмэгддэг байна.

Тиймээс нийслэлийн Эрүүл мэндийн газраас эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулж, 1720 ор нэмэлтээр тавихаар болсноо мэдээллээ. НИТХ-ын Тэргүүлэгчид танилцуулга мэдээллийг сонсоод цэцэрлэг бүрийг эмчтэй байлгахад анхаарч, томуугийн дэгдэлтийг намжаахад бүх бололцоогоо ашиглах ёстойг холбогдох хүмүүст анхаарууллаа.



Зөвшөөрөл авах шашны байгууллагууд нэмэгдсээр байна

Мөн энэ өдрийн хуралдааны үеэр нийслэлийн нутаг дэвсгэрт шашны байгууллага байгуулах, зөвшөөрөл олгох, сунгах үйл ажиллагаанд хяналт тавих журам шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд шашны 307 байгууллага үйл ажиллагаа явуулж, шинээр бүртгүүлэхээр 54 байгууллага хүсэлт ирүүлээд байна. Журмын төслийг Тэргүүлэгчид хэлэлцэн батлах үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан “Аливаа шашны байгууллага нийслэлээс гаргасан шийдвэр, дүрэм, журмыг мөрдөн, сурталчилж байх ёстойгоос гадна мөн өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаандаа тусган ажилладаг байхад анхаарах нь чухал” гэдгийг онцолж байв.

25 өрхөд 1.7 тэрбум төгрөгийн нөхөн олговор өгөх тооцоотой

Хуралдааны төгсгөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд эхэлсэн зарим бүтээн байгуулалтын нөлөөллөөр газраа чөлөөлсөн 25 өрхөд нөхөн олговор өгөх шаардлага үүсэж буй талаар нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан танилцууллаа. Тэрээр “Нийслэлийн зарим бүтээн байгуулалтыг 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байсан. Засгийн газраас газар чөлөөлсөн иргэдэд нөхөн олговор өгөхөөр болсон ч өнөөдрийг хүртэл шийдээгүй байна. Үүний улмаас 25 өрх орох оронгүй болсон. Нийслэлийн Газрын албанаас эдгээр өрхтэй гэрээ байгуулж, иргэд газраа чөлөөлж, хэдийнэ бүтээн байгуулалтын ажил хийгээд байна” гэв.



Дээрх 25 өрхөд 1.7 тэрбум төгрөгийн нөхөн олговор өгөх тооцоотой. Концессын гэрээгээр нийслэлд өрнүүлсэн бүтээн байгуулалтаас 1.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч буй бөгөөд тус хөрөнгийг иргэдийн нөхөн олговорт шилжүүлэх саналыг нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан гаргасан юм. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээнд НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

 

 

 

 

Холбоотой мэдээ