“Зогсох учиргүй зүрх” хандивын аяныг Хан Хэнтийн зохиолч, сэтгүүлчид эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-12-25 20:06:38

Хэнтий /МОНЦАМЭ/ Монголын зохиолчдын эвлэлийн Хэнтий аймаг дахь салбар нэгдэл, “Хэрлэн тооно” уран бүтээлийн нэгдлийн хамт олон “Зогсох учиргүй зүрх” хандивын аяныг эхлүүллээ.


Учир нь “Хэрлэн тооно” уран бүтээлийн нэгдлийн гишүүн, залуу яруу найрагч Жамъянжавын Баярмай төрөлхийн зүрхний зүүн ховдол цоорхой эмгэгтэй бөгөөд ирэх 2019 оны нэгдүгээр сарын 20-нд БНХАУ-ын Бээжин хотын Зүрхний төв эмнэлэгт ховдол нөхөх хагалгаанд орох гэж байгаай юм. Уг хагалгаанд шаардагдах 50 сая төгрөгийн зардлыг бүрдүүлэхийн тулд ийнхүү Хэнтий нутгийн зохиолч, яруу найрагч, уран бүтээлчид нэгдэн “Зогсох учиргүй зүрх” хандивын аяныг эхлүүлжээ.


Аяны хүрээнд Хэнтий нутгийн нийт зон олондоо хандан юуны өмнө яруу найрагч Ж.Баярмайгийн шинэ уран бүтээл “Хайртын минь амьдардаг сум” яруу найргийн түүврийг худалдан авахыг уриалж буй аж. Түүнчлэн Хэнтий нутгаас төрөн гарсан улс төрчид, бизнесменүүдийг “Зогсох учиргүй зүрх” аянд нэгдэхийг уриалж ил захидал гаргажээ.


“Хэрлэн  тооно” уран бүтээлийн нэгдлийн гишүүн, яруу найрагч Ж.Баярмай орон нутагтаа ажиллаж амьдран, уран бүтээлээ туурвиж буй бөгөөд өөрийн уран бүтээлээр нутаг орондоо төдийгүй улсын хэмжээнд танигдаж, өөрийн гэсэн уншигчидтай болсон байна.Тэрээр 2018 онд “Хайртын минь амьдардаг сум” яруу найргийн түүврээ хэвлэн олны хүртээл болгоод байгаа аж. Мөн түүний шүлэг, яруу найраг Хэнтий аймгаас төрөн гарсан уран бүтээлчдийн бүтээлийн цоморлиг “Хан Хэнтийн салхи” номд хэвлэгдэн олны хүртээл болжээ.


Яруу найрагч Ж.Баярмай ардын язгуур урлагийг хөгжүүлэхэд өөрийн хөдөлмөр зүтгэл, авьяас билгийг зориулж, олон улсын болон улс, бүсийн хэмжээний тэмцээн уралдаанд тэргүүн, дэд, шагналт байруудыг эзэлж байсан  залуу авьяастан юм байна. Тухайлбал 2007 оны Хэнтий аймгийн Хурдан морь цоллоочдын наадмын хоёрдугаар байр2010, 2014 онуудад Зүүн болон Төвийн бүсийн “Алтаргана” наадмын ардын дуу,  Буриадын яруу найргийн төрөлд тэргүүн, дэд, гуравдугаар байр болон тусгай байр тус тус эзэлсэн бөгөөд 2018 онд ОХУ-ын Эрхүү хотноо болсон Олон улсын “Алтаргана” наадмын Буриадын яруу найргийн төрөлд тэргүүн байр эзэлж, Хан Хэнтий  нутгийнхаа нэрийг өндөрт өргөжээ.


Яруу найрагч Ж.Баярмайгийн эмчилгээний зардлыг бүрдүүлэх “Зогсох учиргүй зүрх” хандивын аяны нээлт 12 дугаар сарын 8-нд Улаанбаатар хотноо болсон бол энэ сарын 17-нд Цэнхэрмандал суманд тус сумын ИТХ, Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Хайртын минь амьдардаг сум” номын нээлт, хандивын арга хэмжээг зохион байгуулсан байна. Хандивын аяны энэ буухиаг яруу найрагч Ж.Баярмайгийн төрсөн нутаг Батширээт сумынхан үргэлжлүүлэхээр болжээ.


Түүнчлэн Хэнтий аймгийн Ардчилсан залуучуудын холбоо хандивын аяныг дэмжиж хамтран ажиллахаар болсон бөгөөд ирэх нэгдүгээр сард Улаанбаатар хотноо хандивын тоглолт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

 

 

Холбоотой мэдээ