Газар хөдлөлтийн үеэр унтаж байгаа хүн сэрж, нохой гаслах шинж илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-28 22:52:54

Ховд /МОНЦАМЭ/ Одон орон геофизикийн хүрээлэнгийн Ховд салбарын эрдэм шинжилгээний ажилтан Ш.Баасансүрэнгээс тус аймгийн Алтай суманд өчигдөр болсон хүчтэй газар хөдлөлтийн талаар тодруулж ярилцлаа.

 

-Саяхан  болсон хүчтэй газар хөдлөлт аль сумдын нутаг дэвсгэрийг хамарсан бэ?

-Энэ 2018 оны 12-р сарын 26-ны үүрээр Орон нутгийн цагаар 03 цаг 54 минутад газар зүйн байрлалын хувьд хойд өргөргийн 45.61N, зүүн уртрагийн 92.83E, 15.37 орчим км-ийн гүнд, Рихтерийн шаталбараар магнитуд нь 4.5-той тэнцэх хүчтэй газар хөдлөлт болсон. Энэхүү газар хөдлөлтийн голомт нь Ховд  аймгийн Алтай сумаас зүүн зүгт 47 км-т Барлаг багийн Аргалант уулын орчимд болсон бөгөөд Ховд аймгийн төвөөс 280 км, Мөст сумаас 115 км, Цэцэг сумаас 105 км, Үенч сумаас 85 км зайд байсан.

-Хэдэн баллын хүчтэй газар хөдлөлт болж, ард иргэдэд хэр мэдрэгдсэн бол?

-Урьдчилсан байдлаар баллын үнэлгээгээр үзвэл газар хөдлөлтийн голомтод V-VI орчим балл, Ховд аймгийн Алтай сумын төвд IV орчим баллаар мэдрэгдсэн. Иргэдийн мэдээлж байгаагаар унтаж байхад хөлний доороос доргилт өгч сэрсэн, ор чичирхийлэн хөдөлсөн, унтаж байгаа хүн сэрсэн, зарим нэг зүйлс савлан чичирхийлсэн зэрэг бодит байдал нэлээд ажиглагдсан байна. Зарим нэг албан бус мэдээллээр усны тавиур дээр байсан зүйлс унаж, нохой гаслах зэрэг шинж илэрсэн байна.

-Газар хөдлөлтөөс үүдэн ямар нэг гэмтэл,нуралт гарсан уу?

-Энэхүү хөдлөлтөөс үүдэлтэйгээр тухайн голомтын орчимд болон сум суурин газруудад ямар нэгэн эвдрэл гэмтэл, нуралт, цууралт гарсан талаар мэдээлэл ирээгүй байна.

Одоогийн байдлаар энэ хүчтэй хөдлөлтийн давтан хөдлөлтийн тоо харьцангуй цөөн бүртгэгдэж байгаа бөгөөд магнитуд нь 2-оос дээш хөдлөл 2 удаа, магнитуд нь 1,5 дээш хөдлөл 3 удаа болоод байна.

-Алтай сумын нутагт газар хөдлөлтийн хэд дахь тохиолдол болж байгаа вэ?

-Ер нь сүүлийн таван  жилийн хугацаанд Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт хамаарах магнитуд нь 3,5-аас дээш хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа  бүртгэгдээд байна.

 

Холбоотой мэдээ