Stratfor: Ойрхи Дорнод ба Хойд Африк 2019 онд

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-12-28 14:14:49

Ойрхи Дорнод ба Хойд Африк бол дэлхийн зам харилцааны уулзвар газар билээ. Энэ бүс нутаг нь Аравийн хойг, Ираны уулс, Туркийн тал нутаг, Левантын цөл, Сахараас хойших газар нутаг ба тэдгээрийн хооронд орших далай тэнгисийн эрэг орчмын газруудыг хамарна. Бүс нутгийн түүх бол худалдаа, солилцоо ба хямрал зөрчлийн түүх юм. Түүхийн үүднээс авч үзвэл, бүс нутгийн гол хүчнүүд нь Турк, Иран хоёр байсаар ирсэн бол сүүлийн үед Саудын Арави, Египет улс Арабын ертөнц дэх томоохон тоглогчид болж хувирлаа. Өөрсдөөс нь сул дорой улс орнуудад нөлөөгөө тогтоох гэсэн эдгээр гүрний хоорондын тэмцэл нь Ойрхи Дорнод ба Хойд Африкийг хүчирхийлэл, тогтворгүй байдлын талбар болгон хувиргасан байна.


2019 ОНЫ ГОЛ ХАНДЛАГУУД

 

АНУ-Иран: Сөргөлдөх бодлого

АНУ-ын удирдлага дор явуулж буй хориг арга хэмжээний кампанит ажиллагаа нь Иранд хохирол учруулах боловч тус улсын засгийн газрыг унагаж чадахгүй. Хоригоо чангалах замаар Ираныг хэлэлцээний ширээний ард дахин суулгаж чадна хэмээн АНУ найдсаар байна. Гэвч энэ нь үр дүнд хүрэхгүй. Хэдийгээр Ираны дотоодод улс төрийн зөрчилдөөн хурц байдаг боловч тус улсын улс төрийн намууд эрх баригч дэглэмийг тогтвортой байлгахыг чухалд үздэг тул улстөржилтөөс зайлсхийж чадна. Түүнээс гадна, хориг арга хэмжээ нь ард олны дургүйцлийг улам даамжруулах ба энэ нь аядуу үзэлт Ерөнхийлөгч Хасан Руханийг эсэргүүцэгч консерватив үзэлтнүүд ба буулт хийхийг хүсэхгүй байгаа хүмүүст улс төрийн хожоо /капитал/ болно. Түүнчлэн, Ираны тагнуул, аюулаас хамгаалах албад нэмэлт хүчээр сэлбэгдэнэ, учир нь улам бүр чангарсаар буй дарамт шахалтын нөхцөлд батлан хамгаалалтаа бэхжүүлэх хэрэгтэй болно.


Дайснууддаа хариу цохилт өгөхийн тулд Иран улс боломжтой бүхнийг хийх боловч одоохондоо байлдааны ажиллагаа явуулж, өдөөн хатгалга хийхгүй. 

Барууныхны хоригийн хариуд Персийн буланд явж буй АНУ ба түүний холбоотнуудын хөлөг онгоцуудын эсрэг ажиллагаа явуулах, баллистик пуужин турших, цөмийн салбарт явуулж буй ажиллагааг сэргээх гэх мэт хүсэл Тегеранд төрнө. Гэхдээ иранчууд аргагүй байдалд орсон тохиолдолд л энэ бүхнийг хийх болно. Харин одоохондоо кибер дайн болон нууц ажиллагаа явуулж байгаа ба бүс нутаг дахь гар хөл бологчид, тоглоомын дэглэмүүдийн тусламжтайгаар АНУ, Израиль, Персийн булангийн орнуудад хариу цохилт өгнө. Өөрт нь цэргийн хариу цохилт өгөх тийм өдөөн хатгалга хийхийг Иран хүсэхгүй байгаа. Гэхдээ 2019 онд Европын Холбооны зүгээс үзүүлэх улс төрийн дэмжлэг суларч, эдийн засгийн баталгааны оронд улс төрийн шүүмжлэл ирэх учраас Тегераны эрх баригчид илүү шийдвэртэй хариу арга хэмжээ авахад бэлэн байх болно.


АНУ бүс нутгийн холбоотнуудынхаа хүчийг бэхжүүлж байна

Ираныг тогтоон барихад голлон чиглэсэн бүс нутгийн стратегийн бодлогоо хэрэгжүүлж буй АНУ хоёр өөр бүлэгт хамаарах холбоотнууддаа найдлага тавьж байна. Холбоотнуудын эхний бүлэг бол Ираны үйл ажиллагаанд асар ихээр түгшиж, тус улсын эсрэг эрс хатуу бодлого явуулахад бэлэн байгаа Израиль, Саудын Арави, Арабын Нэгдсэн Эмирт улс /АНЭУ/ юм. Өөр хооронд нь олон арван жилийн туршид оршсоор ирсэн үл итгэх байдал, дайсагналаа умартсан эдгээр улс кибер орон зай дахь Ираны эсрэг ажиллагаагаа уялдуулан зохицуулж, хориг арга хэмжээ авч, тэр ч бүү хэл цэргийн ажиллагаа ч явуулж магадгүй.   

Холбоотнуудын хоёрдахь бүлэг болох Кувейт, Оман, Катар улсуудын хувьд Ираны эсрэг эрс хатуу ажиллагаа явуулахад төдийлөн бэлэн биш байгаа. Эдгээр улс нь бүс нутагт хямрал мөргөлдөөн болсон тохиолдолд стратегийн, дипломатын болон эдийн засгийн дэмжлэгийг АНУ-д үзүүлэх боломжтой. Тэдний хамтын ажиллагаа өргөжсөнөөр Катарын эсрэг эдийн засгийн бүслэлт сулрахад тус дөхөм болох хэдий ч Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны Зөвлөлийн гишүүн улсуудын дунд үүссэн хямрал сөргөлдөөн хэвээр хадгалагдах болно.


Саудын Арави анхаарлын төвд

 

Угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салмантай холбоотой сэтгэл түгшээсэн асуудлыг намжаах шаардлагатай болно. Гадаадад амьдардаг сэтгүүлч Жамаль Хашоггийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарсны дараа олон улсын зүгээс хунтайжийн хийх үйлдэл бүрийг анхааралтай ажиглан харах болно. Саудын Аравийн хаант улсад тэрбээр урьдын адил томоохон байр суурьтай байгаа боловч энэ нь түүний эцэг болох хаан Салманы дэмжлэгээс хамаарсан хэвээр байх болно. Үүний зэрэгцээ хааны гэр бүлийн дотор чимээгүйхэн эсэргүүцэл газар авсаар. Саудын Аравийн зарим гол холбоотнууд цэргийн тусламж, шууд хөрөнгө оруулалтаа багасгаж байгаа хэдий ч нэгэнт бүрэлдэн тогтсон хэлхээ холбоонд томоохон өөрчлөлт гарах нь юу л бол. 

 

Хашоггийг хөнөөсөн хэргийн хар толбо Саудын Аравийн хааны ордонд хэвээр байсаар.   

Эр-Риядын эрх баригчид “Саудын Аравийн 2030 оны дүр зураг” гэдэг хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх ажлаа үргэлжлүүлнэ. 2018 онд нефтийн үнэ нэмэгдсэн, Ираны экспорт буурч буй үед олборлолтоо нэмэгдүүлэх боломж гарч ирсэн, түүхий эдээс өөр салбар руу чиглэсэн стратегийн бодлого нь амжилттай хэрэгжиж байгаа зэрэг эдийн засгийн нааштай шинж тэмдгүүд илэрч буй энэ үед Саудын Аравийн эрх баригчид хатуу хэмнэлтийн бодлогоо сулруулна. Энэ нь тус улсын эдийн засагт бүтцийн хүнд хэцүү өөрчлөлтүүд хийхээс зайлсхийнэ гэсэн үг. Орон сууц, цалин хөлс, амьдралын чанарын талаар санал гомдлууд гарч байгаа учраас хааны түрийвчийг дэлгэн нээснээр мөнгө хомсдсонтой холбоотой сэтгэл дундуур байдлыг арилгана.


Сирийн тогоонд буцалж буй шөл гадагш цацагдаж магадгүй

 

Сирийн иргэний дайн төгсгөл болж буй энэ үед тус улсад нөлөөгөө тогтоохын төлөө Турк, Орос, Иран, АНУ, Израиль гэсэн таван гүрэн тэмцэлдэж байна. Москва, Тегеран хоёр Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадыг тууштай дэмжиж байгаа, гэхдээ хэр зэрэг дэмжлэг үзүүлж байна вэ гэдэг нь тус хоёр улсын өмнөө тавьсан зорилгоос хамаарна. Орос улсын хувьд, Сирийн хямралыг ашиглан Ойрхи Дорнодод өөрийн нөлөө, оролцоогоо өргөжүүлсэн боловч тус улс Турк, АНУ, Израильтай шууд мөргөлдөөнд татагдан орохыг хүсэхгүй байгаа. Харин Иран улс Израилийг тогтоон барих хэрэгсэл болох Сири дэх цэргийн бүлэглэлээ бэхжүүлж, хөрш Ливан дахь томоохон холбоотон болох “Хезболла” бүлэглэлийг дэмжсээр байх болно. Израильчууд Ираны төлөвлөгөөг тасалдуулахыг оролдох ба үүний сацуу Оростой санамсаргүй байдлаар мөргөлдөөн үүсгэхээс болгоомжилно.

 

Харин Турк, АНУ хоёрын хувьд Асадын дэглэмийг эсрэг ажиллагаа явуулсаар байх болно. Тус хоёр улс НАТО-гийн холбоотнууд боловч өөр өөрийн гэсэн зорилготой. АНУ-ын хувьд Сири дэх “Лалын улс”-ын үлдэгдлийг устгахад гол анхаарлаа чиглүүлж байгаагийн зэрэгцээ Сири дэх Ираны нөлөөг сулруулахыг эрмэлзэж байна. Ираны хариу эсэргүүцэл нь АНУ, ОХУ хоёрын дунд сөргөлдөөн үүсгэнэ. Москвагийн хувьд Сириэс Ираныг гаргахыг хүсэхгүйгээс гадна чадахгүй юм. Хямралыг зохицуулах талаар хүчин чармайлт гаргасаар байгаа хэдий ч АНУ болон Оросын цэргүүд оролцсон цэргийн мөргөлдөөн дэгдэх магадлал байсаар байна.   


Сирид оролцоогоо хадгалж буй том гүрнүүд оролцсон мөргөлдөөн ирэх онд дэгдэхийг үгүйсгэх аргагүй.  

Турк улсын хувьд, Сири дэх курдуудын цэргийн хүчийг хязгаарлан барихад урьдын адил гол анхаарлаа төвлөрүүлэх болно. Энэ нь АНУ-д асуудал үүсгэх бөгөөд учир нь, Курдын Ардын өөрийгөө хамгаалах отрядууд нь “Лалын улс”-ын эсрэг, Ираны эсрэг ажиллагаанд америкчуудын холбоотон нь байсан билээ. Харин курдуудын энэ зэвсэгт хүчнийг Туркийн тал “террорист байгууллага” гэж үздэг. Туркууд Сирийн баруун хойд нутаг дахь Идлиб мужийг хамгаална гэж мэдэгдсэн нь “Анкара бол бүс нутгийн түнш мөн” эсэхэд эргэлзэхэд хүргэнэ. Учир нь, Сирийн эрх баригчид улс орноо бүрэн чөлөөлж, хяналтандаа авах зорилт тавиад байгаа юм. Идлиб муж нь цаашдаа Турк, Иран, Сири төдийгүй дам байдлаар Орос улсын хооронд түгшүүртэй байдлын голомт үүсгэж тун магадгүй. Эсрэг тэсрэг ашиг сонирхлууд Сирид зөрчилдөж байгаа учраас санамсаргүй байдлаар мөргөлдөөн даамжрах, улс орнуудын хооронд сөргөлдөөн үүсэх магадлал урьд урьдынхаас илүү өндөр байна.

Туркийн эдийн засагт учирсан хүндрэл  

Эдийн засгийн байдал хүндэрч байгаа нь Туркийн хувьд хамгийн том асуудал болж байна. Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган урьд өмнө байгаагүйгээр өссөн инфляци болон ДНБ-ний бараг 25 хувьтай тэнцээд буй хувийн компаниудын өрийн асуудалтай тулгарна. Хавар болох орон нутгийн сонгуулийн өмнө Эрдоган дэмжигчдийнхээ хүрээг тэлэх, санхүүгийн хүндрэлтэй тулгарч буй туркчуудыг тайвшруулах хэрэгтэй болж байна. Туркийн эдийн засаг суларч байгаа нь барууны гол түншүүдтэйгээ харилцах үед тус улсын байр суурийг ганхуулна. Анкара Орос улстай харилцаагаа хөгжүүлж байгаа, харин Вашингтон курдын отрядуудыг дэмжиж байгаагаас үүдэн АНУ-Туркийн харилцаа улам түвэгтэй болсоор байгаа билээ. 

АНУ-ын эдийн засгийн дарамт шахалтаас муухан хамгаалагдсан Турк улс Европоос хөрөнгө оруулалт татахыг эрмэлзэнэ. Гэвч Анкара, Европын Холбооны харилцаан дахь түвэгтэй байдал нь үүнд саад болно. Туркчууд эдийн засгаа тогтворжуулахын зэрэгцээ хуучин Османы эзэнт гүрний мэдэлд байсан нутгууд дахь Курдын хөдөлгөөнүүдийг хязгаарлан барихад чиглэсэн гол зорилтоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Үүний тулд Иракийн хойд нутаг дахь Курдистаны Ажилчны намын байрлалуудад цохилт өгсөөр байх болно.

Бусад таамгууд

-  Гадаад орнуудын зэвсэг нийлүүлэгчдээс хамаардаг байдлыг багасгахын тулд Саудын Арави улс өөрийн гэсэн зэвсгийн аж үйлдвэрийг байгуулахад чиглэсэн хүчин чармайлтаа үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

-   Алжирт ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгууль нь улс орны байдлыг тогтворгүй болгож магадгүй гэдгээс болгоомжилсон тус улсын засгийн газар зохих арга хэмжээнүүдийг авна.

-    Израиль улс дэд бүтцийн төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хайна. Хэрвээ тус улс Хятадаас мөнгө авбал АНУ-ын зүгээс ирэх шийтгэлийн арга хэмжээнд өртөх магадлалтай.

-    Сэтгүүлч Хашоггийг хөнөөсөн хэрэг нь саудчуудын Йеменд         явуулж буй дайны талаарх байр сууриа АНУ дахин хянаж үзэхэд     хүргэнэ.

-     Ираны пуужингууд Израилийн аюулгүй байдалд ноцтойгоорзаналхийлнэ. Тэр тусмаа иранчууд бүс нутаг дахь өөрийн гар хөл бологч хамсаатнууддаа зэвсэг нийлүүлсээр байгаа нь ихээхэн аюул учруулах учраас Израиль улс уг аюулыг зайлуулахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна.

-  Иракийн шинэ засгийн газар хоорондоо өрсөлдөж буй гадны хүчнүүдийн дунд тэнцвэрийг нь олохыг хичээнэ. 

- Франц, Итали хоёрын өрсөлдөөн нь хоорондоо тэмцэлдэж буй бүлэглэлүүдийг эвлэрүүлэн нэгтгэх гэсэн Ливийн эрх баригчдын оролдлогод саад хийнэ.


Чухал үйл явдлууд

1 дүгээр сар. “Арабын НАТО” гэгддэг Ойрхи Дорнодын стратегийн эвслийн анхны уулзалт болж магадгүй.

1 дүгээр сар. Африкийн Холбооны гишүүн орнуудын төрийн тэргүүн нар Египет улсад уулзана.

2 дугаар сарын 17-22. Парист болох Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон улсын санхүүгийн хоригийг хэрэгжүүлэх байгууллагын /FATF/ бүгд хурлаар Ираны статусын тухай асуудлыг хэлэлцэнэ. 

3 дугаар сар. Турк улсад орон нутгийн сонгууль болно.

4 дүгээр сар. Алжир улсад Ерөнхийлөгчийн сонгууль болно.

8 дугаар сар. Жил тутам болдог Ираны тэнгисийн цэргийн хүчний сургуулилт Ормузын хоолойд эхэлнэ.

11 дүгээр сар. Сарын сүүлчээр Израилийн парламентын сонгууль болно.

Тодорхойгүй огноо. 2020 онд Иранд парламентын сонгууль болох талаар зарлана.

Stratfor-ийн тухайд товчхон: Америкийн улс төр судлаач Жорж Фридманы 1996 онд үүсгэн байгуулсан Strategic Forecasting Inc буюу товчоор Stratfor бол тагнуул-дүн шинжилгээний чиглэлээр дагнан ажилладаг Америкийн хувийн компани юм. Тус компанийг “сүүдрийн ТТГ” гэж нэрлэх нь ч бий. Stratfor-ийн ажилтнууд дэлхийн дахинд болж буй үйл явдлын талаарх мэдээллүүдийг цуглуулж, тэдгээрт эдийн засгийн болон геополитикийн дүн шинжилгээ хийдэг. Үүсгэн байгуулагч Ж.Фридман одоог хүртэл тус компанийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бол Фред Бартон компанийн дэд ерөнхийлөгч юм. 

Орчуулсан: Б.Адъяахүү

Эх сурвалжууд: https://worldview.stratfor.com/article/2019-annual-forecast-geopolitics-intelligence-global-risk

https://inosmi.ru/politic/20181211/244203488.html?

Холбоотой мэдээ