Эртний олимпын тухай домгууд

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-03-10 15:21:03

ВАШИНГТОН. /History/. Эртний олимпын тухай таван домгийг цувралаар танилцуулж байна. Тэдний зарим нь орчин үеийн спортын арга хэмжээтэй тун төстэй байгаа нь гайхам юм.

Эртний олимпын наадамд заль мэх, авлига гэсэн асуудал байгаагүй тухай домог. Ялалтыг төөрөгдүүлэх нь зарим тамирчны хувьд дэндүү хорхой хүргэсэн асуудал байж болох юм. Эртний олимпт оролцогч тамирчид Зевсийн сүрдэм хөшөөний өмнө зогсож, шударга өрсөлдөх амлалт өгдөг байсан хэдий ч зарим тамирчин ялалтын төлөө бурхны уур хилэнг хүргэх буюу амлалтаа зөрчдөг байсан байна. Дүрмийг зөрчсөн тамирчдыг тэмцээнээс хасаж, ташуурддаг бөгөөд тамирчин болон шүүгчид авлига авсан нь тогтоогдвол их хэмжээний торгууль төлдөг байжээ. Уг торгуулийн мөнгийг олимпын цэнгэлдэх хүрээлэн рүү орох хаалганы ойролцоо босгосон Зевсийн хүрэл хөшөөг санхүүжүүлэхэд ашигладаг байжээ. “Ялалтыг мөнгөөр биш хөлийн хурд, биеийн хүчээр авах ёстой” гэж хөшөөн дээр бичжээ. Гэвч мэдээж хэрэг хүн болгон үүнийг дагасангүй. Дүрмийг зөрчиж, торгууль хүлээсэн мөнгөөр 16 хөшөө босгосон байна.

Олимпын наадмын тэмцээнд заль хэрэглэсэн анхны тохиолдол МЭӨ 388 онд бүртгэгджээ. Фессалия бүс нутгийн Еуполус гэх боксчин гурван өрсөлдөгчөө хахуульдсан байжээ. Мөн Ромын эзэн хаан Неро МЭ 67 онд олимпт оролцохоор шийдэж, шүүгчдэд маш их хахууль өгч, олимпын наадамд хөгжмийн болон яруу найргийн арга хэмжээг нэмэхээр тохиролцсон байна. Ингэсэн нь түүний сүр хүчийг харуулна гэж Неро үзэж байжээ. Тэрбээр 10 агтнаас бүрдсэн багтай морин тэрэгний дөрвөн уралдаанд оролцохоор болсон боловч тэрэгнээсээ унаж, тэмцээнийг дуусгах боломжгүй болсон байна. Гэвч шүүгчид түүнд тэргүүн байрын шагналыг гардуулжээ. Тэрбээр олимп болон Грекийн бусад спортын арга хэмжээний тэргүүн байрын 1808 шагналыг аван нутаг буцсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ