Шатар сонирхогчдын УАШТ-д 18 настай А.Золжаргал түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2019-01-06 20:55:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй /100/ төрөлд Орхон аймгийн оролцогч А.Золжаргал /18 нас/ 7.0 оноогоор тэргүүн байр эзэллээ.

Хоёрдугаар байрт нийслэлийн Чингэлтэй дүүргийн оролцогч Б.Насанжаргал, гуравдугаар байрт Дорноговь аймгийн оролцогч Г.Мөнхсүх нар 7.0 оноогоор тус тус шалгарав.

Тэмцээнд 34 эмэгтэй шатарчин оролцсоноос, нийслэлийн Баянзүрх дүүргийн шатарч Ө.Уянга /35 нас/ 7 оноогоор тэргүүлж, алтан медаль хүртсэн бол Налайх дүүргийн Г.Ариунбаяр /6.5 оноо/ удаалж, Төв аймгийн оролцогч Д.Баасанжаргал /6.0 оноо/ гуравдугаар байрт шалгарлаа.

Мөн шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор Б.Дүүрэнбаяр /5.0 оноо/, шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Г.Цэгмэд /5.5 оноо/ нарыг тодруулсан юм. Түүнчлэн эхний гурван байр эзэлсэн эрэгтэй 3, эмэгтэй 3 оролцогч шатрын спортын “Дэд мастер” цолны болзол хангасан байна.


Тус тэмцээний хаах ёслолын үеэр, УИХ-ын Тамгын газрын захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн хэлэхдээ, “Эх орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж, оюуны спортыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулж буй нийт шатар сонирхогчиддоо талархал илэрхийлье. Энэхүү тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд өссөн статистик тоон үзүүлэлт гарсныг цохон тэмдэглэж, нийт оролцогчиддоо баяр хүргэе” хэмээгээд, тэмцээнийг хамтран зохион байгуулсан Монголын шатрын холбоо, орон нутгийн шатрын холбоод болон нийт шүүгчдэд талархал илэрхийллээ.

Уг тэмцээнийг Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор зохион явуулсан юм. Долоо дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү тэмцээн 2018 оны 11 дүгээр сараас эхэлж, анхан шат, хагас шигшээ, шигшээ тэмцээнд нийтдээ 6500 гаруй шатар сонирхогч оролцсоноос 134 шатарчин улсын аваргын төлөө оюун ухаанаа уралдуулсан юм.

Холбоотой мэдээ