Энэ сарын 14-өөс сурагчдын амралт эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-11 11:50:49
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт сурагчдын амралт энэ сарын 14-өөс эхэлнэ. Гуравдугаар улирлын амралтаар ахлах болон дунд анги 14, бага ангийн сурагчид 21 хоног амарна.

Ингэхдээ ахлах, дунд анги энэ сарын 14-өөс 28 хүртэл харин бага анги энэ сарын 28-аас дөрөвдүгээр сарын 18 хүртэл амрана гэж аймгийн Боловсрол, Соёлын газрын мэргэжилтэн Б.Дашцэрэн хэллээ. Сурагчдын амралтын хуваарь Орхон аймагт өөр байгаагийн гол шалтгаан нь хоёрдугаар улирлын амралтыг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу өөрчилсөнтэй холбоотой юм. Учир нь тухайн үед цаг агаар эрс хүйтэрч, ханиад томуу ихэссэн тул 9 долоо хоног хичээллээд амраасан юм. Уг нь хичээл 10 долоо хоног орох ёстой байсан ажээ.

Иймд дутуу үлдээсэн нэг долоо хоногийн хичээлийг энэ улиралд багтааж орсоноор БСШУЯ-аас баталсан амралтын хуваариас бага зэрэг зөрж байгаа юм. Үүнээс гадна ирэх даваа гаригийн хичээлийг бямба гаригт зааж 14-өөс амрахаар зохицуулжээ. Уг нь энэ хичээлийн жилийн эхний өдөр мягмар гаригт таарсан тул амралтын хуваарь мөн мягмар гаригаас эхлэх ёстой байсан аж.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ