Төрийн албан хаагчид шагнал, мөнгөн урамшуулал олгох журмуудыг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан, төрийн албан хаагчид мөнгөн болон материаллаг хэлбэрээр шагнал, мөнгөн урамшуулал олгохтой холбоотой зарим журмыг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар батлав.
Эдгээр журамд эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах, Монгол Улсын цол, төрийн дээд одон, медаль, Засгийн газар болон төрийн байгууллагын шагналд тодорхойлох, улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохоор тусгасан байна. Мөн төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ тухайн албан хаагчийн 36 сарын үндсэн цалингаас хэтрэхгүй байхаар тогтлоо. Түүнчлэн албан үүргээ гүйцэтгэж яваад амь нас нь хохирсон бол 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багш, туслах багшид ажлын үр дүнг нь харгалзан сарын үндсэн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.
Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуулийн ажилтнууд үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр авч байх юм.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтнууд мөн үндсэн цалингийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр хүртэнэ.
Түүнчлэн төрийн албан хаагчид нөхөн төлбөр олгох, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсний цалин, урамшуулалтай холбоотой журмыг баталлаа.