НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-09 14:21:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Наоми Китахараг хүлээн авч уулзав.

НҮБ-ын Хүн амын сангаас Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтууд үр дүнтэй болсонд баяртай байгаагаа хатагтай Наоми Китахара хэлээд, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжин хамтран ажилласан УИХ болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд талархал илэрхийлэв.

Tэрбээр, “НҮБ-аас зохион байгуулалтын өөрчлөлт хийж, цаашид Монгол Улсад НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч суулгахгүйгээр шийдвэрлэсэн. Энэхүү ажлыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман хариуцан ажиллахаар болсон. Хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдийг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын НҮБ-ын Хүн амын сангаар дамжуулан Ази, номхон далайн бүсийн байгууллагад уламжлан шийдвэрлүүлэхээр боллоо. Гэхдээ үүнд санаа зовох зүйлгүй. Суурин төлөөлөгч томилогдохгүй ч НҮБ-ын Хүн амын сангийн ажилтнууд ажиллаж байгаа учраас 2019-2021 онд хэрэгжүүлэх төслүүд хэвийн үргэлжилнэ. Цаашид хүн амын насжилт, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн тэгш байдал, залуучуудыг хөгжүүлэх, хүүхэд залууст бэлгийн боловсрол олгох, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлд түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Монгол Улсад суурин төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай зэрэг хэд хэдэн хуулийг УИХ-аар батлуулахад хамтран ажиллалаа. Хамтын ажиллагааны хүрээнд багагүй асуудал тулгарч байсан ч харилцан ойлголцож, гарц шийдлийг олж ажилласан та бүхэнд талархал илэрхийлье” гэв.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, нийт хүн ам, эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын хөгжил, эрүүл мэнд, боловсролын зэрэг асуудалд байнга анхаарал тавьж, үр дүнтэй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, Монголын ард түмэнд дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн НҮБ-ын Хүн амын санд талархал илэрхийлэв.

Өнгөрсөн жилүүдэд УИХ-аас олон улсын байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагааны жишгийг шат ахиулан шинэчилж, нийгмийн өмнө тулгамдсан асуудлуудыг төрийн бодлого, хуульд тусгахад хатагтай Наоми Китахараг идэвх зүтгэлтэй ажиллаж байсныг онцлоод, цаашид ч Монгол Улсыг дэмжин ажиллахыг хүслээ.

Мөн тэрбээр УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нарын талархлын мэндчилгээг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахарад уламжлаад, ажлын амжилт хүсэв.


Холбоотой мэдээ