Онлайн худалдааны “Ardshop” дэлгүүрийг нээв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-01-09 15:26:58


Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ард даатгал” ХК-иас өчигдөр “Ард шоп” өдөрлөг зохион байгуулж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ иргэдэд түргэн шуурхай хүргэж хэрэглэгчдийг татах үүднээс цахим худалдааны онлайн дэлгүүрийг анх удаа нээв.

Дэлхий нийтээр цахим эринд шилжин бүх зүйл хялбар болж байгаагийн нэг хэлбэр нь онлайн дэлгүүр болоод байгаа бөгөөд өчигдөр болсон өдөрлөгөөр цахим орчныг ашиглан иргэд хаанаас ч өөрийн хүссэн зүйлээ худалдан авах боломжтой болж буй сонирхолтой шийдлийг бизнес эрхлэгчдэд танилцуулсан юм. Жишээ нь, бизнес, худалдаа эрхлэж буй хүмүүс “Ardshop.mn” хаягаар ороод өөрийн дэлгүүрээ нээх боломжтой болж байна. Тухайлбал, “Ард даатгал” ХК онлайн дэлгүүрээр тээврийн хэрэгслээ даатгах, эрүүл мэндийн даатгалд хамрагдах зэрэг үйлчилгээг үзүүлэх юм.

Онлайн дэлгүүр нь бизнес болон худалдаа эрхлэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон мянган хэрэглэгчдэд зэрэг хүргэх, төлбөр тооцоог бүх хэлбэрээр автоматаар хийх, мэдээллийн нууцлалыг өндөр түвшинд хадгалах зэрэг давуу талуудтайг “Ard shop” онлайн дэлгүүрийн гүйцэтгэх захирал Э.Золзаяа онцолж байв.


Тэрээр, “Манайх шиг өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам тархан суурьшсан улсад онлайн худалдаа бүрэн хөгжих боломжтой. Өнөөдрийг хүртэл зарим нэг эрхзүй болон дэд бүтцийн асуудлыг шийдэх үүднээс онлайн худалдаа сонгодог утгаар хөгжихгүй ирсэн” гэдгийг хэлж байв. Тиймээс санхүүгийн “Ард” нэгдэлтэй хамтран цахим худалдааны туршлага дээр тулгуурлан онлайн дэлгүүрээ нээснийг тэмдэглэж байлаа.


Дэлхий дахинд онлайн худалдаа хурдацтай хөгжиж байна. Энэ хэрээр хүмүүсийн цагийг хэмнэх, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг шуурхай хүргэх болсон. Манай улсын хувьд 21 аймагт бараа бүтээгдэхүүнийг хамгийн хямд зардлаар түргэн шуурхай хүргэх гарцыг “Ard shop” эрэлхийлж үндсэн үйл ажиллагаа үүнд чиглэн ажиллах юм байна.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

 

Холбоотой мэдээ