Аймаг, орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүдэд зориулсан байрыг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2019-01-09 16:20:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, орон нутгаас нийслэлд ирсэн хавдартай өвчтөнүүдэд зориулсан байрыг ХСҮТ-д өнөөдөр нээлээ.

30 хүн байрлах тус байр нь гал тогоо, амралтын өрөө, урлагийн, сэтгэл заслын өрөө болон өвчтөн болон асран хамгаалагч нар нь байрлах 14 өрөөтэй. Өрөө бүрийг өвчтөнүүдэд тав тухтай байхаар засаж тохижуулсныг "Хавдрын үндэсний зөвлөл" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайхан хэлэв.

Байрны нээлтэд оролцсон НИТХ-ын дарга С.Амарсайхан, "Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол болон хөндлөнгийн бусад зүйлсээс шалтгаалсан өвчин сүүлийн жилүүдэд нэмэгдэж, энэ талаар Засгийн газраас эхлээд холбогдох байгууллагууд шат дараатай арга хэмжээ авч буй ч үр дүн тааруу байгаа. Тиймээс НИТХ-аас ХСҮТ, хавдрын өвчинг бууруулахаар ажиллаж буй ТББ-уудтай хамтарч, Улаанбаатар хотыг олон улсын хавдраас урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамруулахаар ажиллаж байна. Үүнд хамрагдсанаар 3-5 жилийн хугацаанд хавдрыг эрт илрүүлж, эмчилж, оношилоход мэдэгдэхүйц ахиц гарна. ХСҮТ ачааллаа дийлэхгүй байгаа энэ үед ийм байрыг нээж буй нь цагаа олсон ажил боллоо” гэдгийг онцоллоо.


ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн, “Манай эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүсийн 50 орчим хувь нь орон нутгийн иргэд байдаг учраас энэ байр нь тэдэнд сэтгэлийн их дэм өгнө” гэж хэлэв. Хавдар туссан иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж, өнгөрсөн онд 7000 гаруй хүн энэ өвчнөөр оношлогджээ. Хавдраар өвчилсөн хүн эмнэлэгт дээд тал нь 6 хоног хэвтдэг. Түүнээс дээш 10-14 хоног хэвтүүлэх гэхээр дараагийн өвчтөн хүлээж байдаг тул ийм байр тун чухал байсныг тэрээр хэлэв.

 

Холбоотой мэдээ