Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг, ЭМТ-үүд уртасгасан цагаар ажиллаж эхэллээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-01-12 22:39:49

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Хүйтний эрч чангарч, идэр есийн хүйтэн тачигнаж буй энэ үед цаг уурын онцлогоос шалтгаалж томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж байна.

Дээрх шалтгаанаар Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын даргын 2019.01.11-ны өдрийн А/02 тоот тушаал гарчээ. Эл тушаалын хэрэгжилтийг ханган Сэлэнгэ аймгийн хэмжээний нийт нэгдсэн эмнэлгүүд, сум дунд, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд хуваарийн дагуу уртасгасан цагаар ажиллахаар болсон байна. Тухайлбал аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мандал суман дахь Нэгдсэн эмнэлэг ажлын өдрөөр орой 17.30-21.00, амралтын өдөр 10.00-16.00 цаг хүртэл.  Хөтөл дэх сум дундын нэгдсэн эмнэлэг, сум дундын эрүүл мэндийн төвүүд 18.00-21.00 цаг, өрхийн эрүүл мэндийн төвүүд 17.00-21.00 цагт ажиллаж амралтын өдрүүдэд бүгд 10.00-16.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж эхэллээ. Мөн томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж буй учраас тус газрын зүгээс иргэддээ хандаж амьсгалын замын эмгэгтэй, халуурсан, хамраас нус гоожих, толгой өвдөх хоолой өвдөх, булчингаар өвдөх, тамирдах зэрэг шинж тэмдэг илэрсан бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, эхчүүд, архаг өвчин эмгэгтэй хүмүүс харьяалах орон нутгийн эрүүл мэндийн байгууллагадаа цаг алдалгүй яаралтай хандахын зөвлөж байна.

Холбоотой мэдээ