Сайнцагаан суманд гахайн мялзан өвчин гарч, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2019 оны 1 дүгээр сар
14-ний өдрийн А/28, А/29 тоот
захирамжаар Хорио цээрийн дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт
шилжиж байна.
Тус сумын төвд оршин суугч
Д.Галсандоржийн гахайнд мал, амьтны гоц халдварт Гахайн мялзан өвчний шинж
тэмдэг илэрч, Улсын мал эмнэлэг, ариун цэвэр төв лабораторийн шинжилгээгээр
онош нь баталгаажжээ.
Тус захирамжаар шинжилгээний
бичиггүй, гарал үүсэл нь тодорхойгүй гахайн түүхий өөх, махыг нийтийн
хэрэгцээнд худалдан борлуулж, хүнсэнд хэрэглэхийг хориглосон байна.
Гахайн мялзан өвчин гарсантай
холбогдуулан “Гахайн мялзан өвчинтэй тэмцэх журам”-ыг мөрдүүлэх, өвчнийг гадагш
тарахаас урьдчилан сэргийлж, хамгаалах зорилгоор хорио цээрийн дэглэмийг
мөрдүүлэх, сумын нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан үйл ажиллагааг явуулахгүй
байхыг сумын Онцгой комисст үүрэг болгожээ.
Гахайн мялзан өвчин нь хавьтлын
замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг,
бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвсэлээр илэрдэг гоц халдварт өвчин бөгөөд бүх насны
гахай мэдрэмтгий ба ялангуяа өсвөр насны гахай өвчилсөн тохиолдолд толгой
дараалан үхэх эрсдэлтэй ажээ.
Энэ өвчин хүнд халдахгүй боловч
гахайн мах, өөх агуулсан түүхий болон хагас бэлэн хүнсний бүтээгдэхүүнийг
хэрэглэхдээ сайтар анхаарах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагуудаас сэрэмжлүүллээ.