“Тогооч эгчдээ баярлалаа, хоол сайхан амттай байсан шүү” гэхээр улам урам ордог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-22 22:07:21

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ЕБС-ийн тогооч Мөнхнасангийн Мартбаяр сургуулийнхаа тогоочоор 12 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Тэр хүүхдүүддээ өдөр бүр шинэ, сайхан амттай, эрүүл, зөв хоол бэлтгэн өгөхийн төлөө хичээдэг байна. Сурагчид, бяцхан зургаан настнууд, бас дотуур байрны байнгын үйлчлүүлэгч хүүхдүүд нь “Тогооч эгчдээ баярлалаа, хоол сайхан амттай байсан шүү” гэж хэлэх бүрт урам орж, улам л сайхан хоол хийхийг эрэлхийлдэг гэлээ.

-Та сургуулийн тогооч болсон түүхээ хуваалцаач. Уг нь өөр мэргэжилтэй гэж сонссон. Яаж яваад тэр дундаа сургуулийн тогооч болчихвоо?

-Би  урьд нь сумынхаа Соёлын төвийн кино механикчаар арав гаруй жил ажилласан. Кино механикч мэргэжилтэй. Энэ ажлын орон тоо маань татан буугдаж, мэргэжлээ солин тогооч болсон. Ингээд 12 дахь жилдээ тогоочоор ажиллаж байна. Би сургуулийн тогооч учраас хүүхдүүдийн эрүүл мэндэд маш анхаарч, эрүүл, зөв хоол өгөхийг эрхэмлэдэг. Бид хоолны меню, үдийн цайны хөтөлбөрөө хийхдээ эмчтэйгээ хамтраад маш сайн хяналттайгаар өдөр бүр шинэ хоолыг давхардуулахгүйгээр өгөхөөр төлөвлөдөг. Өөрөөр хэлвэл үдийн цайны хоолыг  давхцуулахгүйгээр өдөр бүр шинэ витаминлэг, бас халуун хоол хийдэг гэсэн үг л дээ. Манай сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт 157 хүүхэд хамрагддаг. Дотуур байранд маань 27 хүүхэд байгаа. Дотуур байрны хоолыг төлөвлөхдөө нэг хоолыг 14 хоногт нэг удаа давхцуулж менюгээ зохиодог хэмээн ярилаа

-Танай сургууль туслах аж ахуйтай юу? 

-Үгүй ээ, Манай сургууль туслах аж ахуй байхгүй хэдий ч сургуулийн багш, ажиллагсад маань хамтдаа чацаргана, гүзээлзгэнэ, нэрс, улаалзгана гээд төрөл бүрийн жимс түүж, варень хийх, бас оригоор нь хөлдөөж хадгалах гээд өөрсдийн нөөц боломжоо ашиглан хамтдаа ажилладаг. Мөн төрөл бүрийн жимстэй ааруул,  бас луувантай, үзэмтэй боов хийдэг. Ер нь аль болох жимс жимсгэнэтэй витаминлэг хоол хийж өгөхийг боддог.  

-Хоолны дээжийг шинжилгээнд явуулдаг уу? 

-МХА-нд хоолныхоо дээжийг жилд нэг удаа явуулаад тухайн хоолны илчлэг чанар ямар хэмжээнд байх талаар гаргуулж авдаг. Хүүхдийн хоолны аягыг нь анги ангиар нь тусад нь аяга ариутгагчид хийж хадгалдаг. 

-Хоолны төсөв хэр хүртээмжтэй байдаг бол?

-Нэг хүүхдэд оногдох хоолны төсвийг улсаас маш багаар буюу 600 төгрөгөөр тооцож олгодог. Энэ нь махан хоолтой өдөр хүрдэггүй. Тийм учраас цагаан хоолтой өдрийнхөө хоолны зардлаар нөхөж гүйлгээд хүргэдэг.  Гэхдээ өвлийн цагт махан хоолоо түлхүү өгдөг. Дулааны улиралд жимс, сүү, цагаан идээ түлхүү өгдөг. 

-Таны ярианаас сонсож байхад, та мэргэжлээрээ бахархадаг болох нь илт юм?

-Би тогооч болсондоо баяртай байдаг. Бяцхан хүүхдүүд маань тогооч эгчдээ баярлалаа, хоол сайхан амттай байсан шүү гэж хэлэхэд нь маш их урам ордог. Хүүхдүүд хөөрхөн. Хоолоо нэмж иддэг. Орж ирээд хоол хараад баярладаг. Энэ бүхэнд би маш баяртай байдаг. Тэгээд олон төрлийн бүтээгдэхүүнээр маш сайхан хоол хийж өгөхийг хүсдэг. Энэ л миний бахархал юм даа. 

 

Холбоотой мэдээ