Сайншанд сумын ЗДТГ 2018 онд хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан уулзалтыг нэгдүгээр сарын 21-нд “Саран хөхөө” театрт зохион байгууллаа. Жил бүрийн нэгдүгээр сард өмнөх онд хэрэгжүүлсэн ажлаа танилцуулдаг бөгөөд энэ удаагийн уулзалтад Сайншанд сумын 300 гаруй иргэн оролцов.
Уулзалтын эхэнд Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяр 2018 онд хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан бол Сайншанд сумын ИТХ-ын дарга Д.Эрдэнэбаяр хурлаас хэрэгжүүлсэн тогтоол шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.
Сайншанд сумын Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа 2016-2020” оны мөрийн хөтөлбөрт тусгасан бодлогын дөрвөн зорилтын хүрээнд 262 заалт бүхий хөтөлбөр хэрэгжиж байна. Үйл ажиллагааны хөтөлбөртөө эдийн засгийн бодлого, нийгмийн бодлого, байгаль орчин ногоон хөгжлийн бодлого, засаглалын бодлого гэсэн дөрвөн үндсэн зорилтыг тусгажээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сард хуралдсан сумын ИТХ-ын хуралдаанаар сумын Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа 2016-2020” мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 90.9, сумын эдийн засаг нийгмийг 2018 онд хэрэгжүүлэх Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 94.2 хувьтай гэж дүгнэсэн аж. 2018 онд Орон нутгийн хөгжлийн сангийн 222 сая төгрөгийн хөрөнгөөр нийт 12 ажил хийж гүйцэтгэжээ.
Үүний 84 хувийг 2018 онд үлдсэнийг нь 2017 оны төсөл арга хэмжээнд зарцуулсан байна. Сайншанд сумын долоон багийн гэр хорооллын гудамжинд 19.9 сая төгрөгийн хөрөнгөөр “Миний Сайншанд” ХХК 115 ширхэг гэрэл суурилуулсан, 12.3 сая төгрөгийн хөрөнгөөр залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, таатай орчин бүрдүүлэхээр тавдугаар багийн нутагт сагсан бөмбөгийн талбай байгуулсан, “Залуус” “Нарлаг шанд хороололд 7.5 сая төгрөгийн хөрөнгөөр 20 ширхэг камер суурилуулсан, нийтийн эзэмшлийн зам талбайд 65 ширхэг хогийн сав, зургадугаар багт 17 сая төгрөгийн хөрөнгөөр ухаалаг худаг, нэгдүгээр багийн 118, 120 дугаар байрны гаднах талбайн тохижилтын ажлыг 18.5 сая төгрөгөөр “Дэлгэр баясах зам” ХХК байгуулсан гээд хот тохижилтыг сайжруулах чиглэлээр олон ажил гүйцэтгэжээ.
Мөн иргэдэд төрийн үйлчилгээг ил тод, нэг цэгээс шуурхай хүргэх зорилгоор нэг, хоёр, долдугаар багт аймгийн орон нутгийн төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Иргэдийн хөгжлийн төв, аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гурав, дөрөвдүгээр багт 100 ширхэг гэрэлтүүлэг, сумын II, III, IV багийн нутагт Орон нутгийн хөгжлийн сангийн нэг тэрбум, 404 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар замаа шинэчлэн засварласан, аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар усан спорт сургалтын төвийг байгуулсан, Сайншанд, Зүүнбаянд шинэ цэцэрлэг ашиглалтад оруулсан аж.
Хотын соёлыг дэлгэрүүлэх жилийн ажлын хүрээнд гэр хорооллын гудамж, эгнээг цэгцлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, хотын өнгө үзэмжийг сайжруулах, хүүхэд залуучуудын санал санаачилга, бүтээлч оролцоог дэмжих, хашаа хороогоо тохижуулах зорилгоор "Хотын гудамж", "Тэгш гудамж", "Хамтдаа тохижуулъя" аяныг тус тус зарлаж шилдгүүдийг шалгаруулсан байна.
Мөн Сайншанд суманд Нутгийн зөвлөлийн хөрөнгө оруулалтаар хямд өртөгтэй “Мандах наран-1000 айлын орон сууц”-ны хорооллын эхний ээлжийн 272 айлын дөрвөн корпус бүхий орон сууц ашиглалтад орсон. Орон нутагт газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил, зам барилгын ажил, нар салхины сэргээгдэх эрчим хүчний төсөл өрнөснөөр олон хүн ажлын байраар хангагджээ.
Сайншанд суманд 2019 онд сумын орон нутгийн хөгжлийн сангаар хоёрдугаар багт тоглоомын талбай, гуравдугаар багийн ус түгээх байранд ухаалаг худгийн систем суурилуулах, зургадугаар багт цэцэрлэгт хүрээлэн байгуулах, гэр хороолол дунд гэрэлтүүлэг суурилуулах, төв авто зам дагуу автобусны буудал шинэчлэх зэрэг ажил хийх аж.