Өнөөдрийн байдлаар 60898 сонгогч санал өгөх урьдчилсан дүн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ2016 оны 6 сарын 29-нд болох УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд өнөөдрийн байдлаар Төв аймгаас 60898 сонгогч санал өгөх урьдчилсан тооцоо байна.
Тус аймагт сонгуулийн 99 хэсэг байгуулагдснаас хүн ам ихээр төвлөрсөн Зуунмод, Эрдэнэ суманд хоёр хэсэг нэмж, бусад багт нэг хэсэг байгуулжээ.
Сонгогчийн мэдээллийг зөвхөн интернетээр баталгаажуулах ба Улсын бүртгэл, статистикийн газрын сайтад орж, овог нэр, регистрийн дугаар, нас хүйс, хаяг, сонгуулийн тойрог, хэсэг, байршлын мэдээллээ үнэн, зөв эсэхийг шалгаад, баталгаажуулах юм. Ингэснээр санал хураах явцад ямар нэг зөрчил үүсэхээс сэргийлж, иргэдийг идэвхтэй хамруулах боломж бүрдэнэ. Харин хувийн мэдээллээ тулгаж, чадаагүйгээс ямар бэрхшээл үүсэх, түүнийг хэрхэн зохицуулах талаар одоогоор үүрэг, чиглэл ирээгүй байгаа юм.
Улсын бүртгэл, статистикийн газрын аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс сонгогчдын мэдээллийг баталгаажуулах олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал: хэлтэс, агентлагийн дарга, сумдын төрийн албан хаагчид иргэд мэдээллээ баталгаажуулахыг сануулж, хамтран ажиллах чиглэл өгөөд байна. Мөн интернет орчинд нэвтэрч чадахгүй хүмүүст зориулж, хэлстийн байраас гадна сумын нэг цонхны үйлчилгээнд компьютер байршуулж, ажлын өдрүүдэд нээлттэй байна. Шинэчилэн батлагдсан хуулийн дагуу сонгогчийн болон иргэний шилжилт хөдөлгөөнийг санал хураах өдрөөс 14-30 хоногийн өмнө зогсооно. Үүнтэй холбогдуулан малчдад зарим нэг бэрхшээл тулгардаг аж. Тухайлбал: Эхнэр, нөхрүүд орон нутгийнхаа багаас багт шилжих хөдөлгөөнөө хийлгээгүйгээс хоёр хэсэгт санал өгөх болдог. Энэ нь малчдад цаг зав, унаа машины хүндрэлийг үүсгэх тул, хуулийн хугацаанд амжиж, засаг захиргааны харъяалаа солиулахыг сануулж байгаа юм.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг