Биеийн жин амьдрах хугацаанд нөлөөлдгийг тогтоожээ

Дэлхийд | Сонин хачин
khulan@montsame.gov.mn
2019-01-23 14:52:04

ВАШИНГТОН. /CNN/. Таны 90 наслах эсэх нь биеийн жин болон өндрөөс тань хамааралтай гэвэл та итгэх үү? Мөн дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх нь ихээхэн ач холбогдолтой ажээ. Энэ тухай Их Британийн эрүүл мэндийн “BMJ” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд мэдээлэв.


Энэхүү судалгааны дүнд биеийн жин болон өндөр нь эмэгтэйчүүдийн хэд наслахыг тодорхойлоход илүү өндөр магадлалтайг тогтоосон байна. Судалгааг явуулсан эрдэмтдийн тогтоосноор, 90 насалсан эмэгтэйчүүдийг бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү өндөр бөгөөд 20 наснаасаа хойш бага жин нэмсэн байсан аж. Харин эрэгтэйчүүдийн хувьд ийм харилцан хамаарал ажиглагдаагүй байна. Гэсэн хэдий ч эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол дасгал хөдөлгөөн идэвхтэй хийдэг нь тогтоогджээ.


1986 онд судлаачид Норвегийн 55-69 настай 7000 гаруй эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс өндөр, одоогийн жин болон 20 настай үеийн жингийн талаар асуусан байна. Мөн нохойгоо салхилуулах, цэцэрлэгээр зугаалах, гэр орноо тохинуулах, ажил руугаа алхах эсвэл дугуй унах болон спортын ямар нэг төрлөөр хичээллэдэг эсэхийг асуужээ.


Санал асуулгад оролцсон 7807 хүнээс 433 эрэгтэй, 944 эмэгтэй хүн 90 болон түүнээс дээш насалсан байна.


Эмэгтэйчүүдийн хувьд 20 настайгаасаа хойш бага жин нэмсэн хүмүүсийг хүнд жинтэй хүмүүстэй харьцуулахад урт насалсан нь тогтоогдсон байна. Мөн биеийн өндөр чухал ач холбогдолтой бөгөөд ойролцоогоор 1.75 метр өндөртэй хүмүүс 1.6 метр хүмүүстэй харьцуулахад илүү урт насалсан байжээ.


Эрэгтэйчүүдийн биеийн өндөр болон жинг настай харьцуулахад ямар нэг тодорхой үр дүн ажиглагдаагүй хэдий ч өдөрт 90-ээс дээш минут дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн 39 хувь нь, өдөрт 30-аас доош минут дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн 5 хувь нь 90 болон түүнээс дээш насалсныг тогтоосон байна. 

Холбоотой мэдээ