Эрүүл мэндийн салбар эзэнгүйдсэнээс хүүхдүүд амиа алдаж байна гэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ulzii@montsame.mn
2016-03-14 14:34:28

Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбоо /МХТБҮНХ/-ны тэргүүн Д.Авирмэд “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж Эрүүл мэндийн салбар эзэнгүйдэх болсон талаар мэдээллээ.

Тэрбээр, одоогоос 3 жилийн өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Улаан бурхан устлаа” хэмээн дуулиантай мэдэгдэж нийгмийг, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй ЭМЯ, НЭМГ-ыг сэрэмж алдахад хүргэсэн. Улаанбурхан өвчний тохиолдол 2015 оны 3 дугаар сараас эхлэн эргэн бүртгэгдэж 2015 онд 19427 хүн өвдсөн бол 2016 оны эхний хоёр сарын байдлаар 3236 тохиолдол бүртгэгдэж, он гарсаар 10 гаруй хүүхэд уг өвчний улмаас амиа алдаад байгаа нь тус салбарт ажилладаг эмч, ажиллагсдын санааг зовоож байна.

Тэдний дийлэнх нь 0-8 сартай нялх хүүхдүүд. Учир нь вакциныг зөвхөн 9 сар хүрсэн хүүхдэд хийж эхэлнэ гэснээр 9 сар хүртэлх хүүхдүүд нас барагсдын дийлэнхийг эзэлж байна. Иймд, Эрүүл мэндийн салбарыг яаралтай эзэнтэй болгох хэрэгтэй. Өнөөдөр 4 төрлийн халдварт өвчний дэгдэлт эрс өслөө гэв. Халдвартын эмнэлэг 530 ортой ч 600 хүн хэвтэж эмчлүүлж байна. Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг ачаалал нь хэтэрч нэг орон дээр 2 хүүхэд  хүчилтөрөгчийн аппаратаа хувааж, хяналтын аппарат нь 6 хүүхдийн дунд нэг байх жишээтэй. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга өнөөдөр албан тушаалаасаа сайн дураараа огцрохыг тус хэвлэлийн бага хурлыг зохион байгуулагчид шаардлаа.

МХТБҮНХ-ны тэргүүн Д.Авирмэд, өнгөрсөн 7 хоногт ХӨСҮТ-ийн бодит байдалтай танилцах үеэр Сэхээн амьдруулах тасагт 4 настай хэрнээ 8 кг болтлоо тураалдаа орж, нүдээ ч нээх тэнхэлгүй болсон А.Ган-Очир хүүтэй миний бие таарсан гэв. Тэрбээр, түүний ээж нь архины хамааралтай, аав нь орхиод гадаад явсан, эмээтэйгээ байдаг ч хоол хүнс өгөлгүй байснаас бяцхан хүү турж эцсэн төдийгүй улаанбурханаар өвчилсөн байв. Хүүд эрчимт эмчилгээ хийх гэхээр тэжээлийн гүн дутагдалтай учраас зүрх нь дийлэхгүй байна хэмээн эмч нар хэлж байв. Харамсалтай нь хүү маргааш нь хорвоог орхисон байлаа. Уг нь 4 настай хүүхэд 16-17 кг байх ёстой ч 6-8 сартай хүүхдийн жинтэй байна. Мөн хүүгийн эгэм нь 2 хугарсан нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болов уу гэж хардахад хүргэж байв. Талийгаач хүү 6 настай Ганзориг гэдэг ахтай, мөн хамт амьдарч байсан нагац ах нар нь хүүхдүүдийг зоддог байв уу гэх хардлага төрсөн хэмээн Д.Авирмэд ярьсан юм.

Д.Өлзий 

Холбоотой мэдээ