Бооцоот шүлгийн уралдааныг анх удаа зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-14 16:19:49

Монголын зохиолчдын эвлэлийн Өмнөговь аймаг дахь салбараас дэлхийн яруу найрагчдын өдрийг угтан “Яруу найрагчийн дотоод мэдэрхүй” гэсэн сэдвээр чөлөөт шүлэг, “Өмнийн говийн найрагч нар” гэсэн сэдэвтэй дууны шүлгийн бооцоот уралдааныг Өмнөговь аймгийн нийт уран бүтээлч, яруу найраг сонирхогчдын дунд зарлажээ.

Оролцогчид өөрийн нэрийнхээ оронд 6 оронтой тэмдэгтээр коджуулан goviin_anir@yahoo.com гэсэн хаяг руу илгээх аж. Мөн бооцооны 15000 төгрөгөө тус байгууллагын дансад шүлгийнхээ кодоор байршуулах юм байна. Бооцоот уралдааны шүлгийг 3 дугаар сарын 18 хүртэл хүлээж авах бөгөөд ямарч насныхан оролцох боломжтой аж.

Энэхүү шүлгийн тэмцээнийг Өмнөговь аймагтаа анх удаа зарлаж байгаа юм. Тухайн тэмцээний шүүгч нар чөлөөт уран бүтээлчид байх болно гэж зохион байгуулагчид мэдэгдлээ. Бооцоот шүлгийн дүнг Дэлхийн яруу найргийн өдрөөр болох Эгшиглэнт говь яруу найргийн тэмцээн дээр танилцуулж шагналыг гардуулах юм байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ