“Хүрэл тулга”-2016 наадмын эзэд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-14 18:20:59

Хэнтий аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс 2 жил тутам зохион байгуулагддаг өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2016” наадам  болов.

Тэмцээн 2 насны ангиллаар 3 үе шаттай явагдаж, 10 сумын 14 сургуулиас 34 хүүхэд оролцлоо. Тэмцээний шүүгчээр Хэнтий аймгийн Батширээт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, Монголын зохиолчдын эвлэлийн Хэнтий аймаг дахь “Хэрлэн тооно” нэгдлийн тэргүүн, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч, Харнууд Дугаржавын Гансүрэн, “Тольдсуу Хэнтий” сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч, яруу найрагч С.Ган-Эрдэнэ, “Тольдсуу Хэнтий” сэтгүүлийн сэтгүүлч, яруу найрагч н.Бат-Эрдэнэ нар ажиллалаа.

Тус тэмцээний дунд насны ангилалд 1-р байранд Батширээт сумын ЕБС-ийн 7а ангийн сурагч  М.Өсөх-Ирээдүй, 2-р байрт Хан Хэнтий Цогцолбор сургуулийн 8б ангийн сурагч Б.Цэрэнбямба
3-р байрт Батширээт сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Т.Номин нар тус тус эзэллээ. Ахлах насны ангилалд 1-р байрт Тэмүүжин цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч  Г.Хулан,  2-р байрт Хэрлэн Нэгдүгээр сургуулийн 12в ангийн сурагч Ш.Эрхэмбаяр 3-р байрт Бор-Өндөр сумын ЕБС-ийн  12б ангийн сурагч А.Сарандагина нар тус тус шалгарлаа.

Мөн наадмын хүрээнд Хэнтий аймгаас төрөн гарсан алдарт зохиолчдын нэрэмжит шагналуудаар оролцогч хүүхдүүдийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулж шагнадаг уламжлалтай. Наадамд ирсэн 27 шүлэгчдийн бүтээлээс Батширээт сумаас төрөн гарсан төрийн соёрхолт, яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит “Онон хатан ижий” шагналаар Тэмүүжин ЦС-ийн 12-р ангийн сурагч Г.Хулан “Миний шүлгүүд” номоороо, Мөрөн сумаас төрөн гарсан хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн нэрэмжит “Боролдой” шагналаар Батширээт сумын ЕБС-ийн сурагч Т.Номин “Дөрвөлжин дэлхий” номоороо, Дархан сумаас төрсөн гарсан төрийн соёрхолт, яруу найрагч Ренчиний Чойномын нэрэмжит “Оюухай” шагналаар Хан Хэнтий ЦС-ийн сурагч Б.Цэрэнбямба “Аз жаргал” номоороо, Биндэр сумаас төрөн гарсан ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн нэрэмжит “Хонгорзул” шагналаар Бор-Өндөр ЦС-ийн сурагч А.Сарандагина “Үнэн байгаасай” номоороо тус тус хүртэв.
Наадамд амжилттай оролцсон төгсөх ангийн сурагчдаас “Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль”-д 30 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн  12а ангийн сурагч Д.Дөлгөөн, А.Сарандагина, Бор-Өндөр сумын ЕБС-ийн 12б ангийн сурагч Г.Хулан,  12а ангийн сурагч Н.Тэмүүжин нар шагнагдлаа.
Тэмцээний хамгийн бяцхан оролцогч Өмнөдэлгэр сумын Б.Санчирмаад наадмыг дэмжиж, хамтран ажиллагч “Хэнтий мэдээ” сонин нэрэмжит шагналаа олголоо.
“Хүрэл тулга” аймгийн наадамд түрүүлж, улсын уралдаанд оролцох эрх авсан Батширээт сумын ЕБС-ийн 7а ангийн сурагч М.Өсөх-Ирээдүй, Тэмүүжин ЦС-ийн 12а ангийн сурагч Г.Хулан нартаа улсын уралдаанд оролцох эрхээ авлаа.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ