БНСУ-ын дасгалжуулагчид ногдуулсан ялын хугацааг сунгажээ

Дэлхийн мэдээ | Спорт
khulan@montsame.gov.mn
2019-01-31 13:03:11

СӨҮЛ. /NHK/. Олимпын наадмын хоёр удаагийн аварга тамирчинд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон тэшүүрийн дасгалжуулагч асан Чо Жэ Бомд ногдуулсан ялын хугацааг БНСУ-ын Сувон хотын шүүх сунгасан байна.


Лхагва гарагт шүүхээс Чо Жэ Бомд нэг жил, зургаан сарын хорих ял ногдуулжээ. Өмнө нь түүнд найман сар хорих ял оноогоод байсан юм.


Шүүхийн мэдэгдэлд тэмдэглэснээр, дасгалжуулагчийн ялыг сунгасан нь спортын салбарын төлөөлөгчдөд хүчирхийлэл бол тамирчдаа бэлтгэх тохиромжтой арга биш гэдгийг сануулах зорилготой аж.


Өнгөрсөн оны есдүгээр сард дасгалжуулагч Чо Жэ Бом нь 2014, 2018 оны Олимпын наадмын тэшүүрийн спортын алтан медальт тамирчин Шим Сук Хид бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон билээ.


Шим Сук Хигийн мэдэгдсэнээр, дасгалжуулагч нь түүнийг 17 настайгаас хойш бэлгийн дарамт үзүүлсэн аж. Харин Чо Жэ Бом энэ мэдээллийг үгүйсгэсээр байгаа юм.


Энэ хэрэг БНСУ даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэсний зэрэгцээ жудо, таеквондо, сур харваа зэрэг спортын олон төрлийн тамирчид мэдэгдэл хийж эхэлсэн билээ.


“63 мянга гаруй оюутан-тамирчин бие махбод болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсэхийг шалгах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн” гэж БНСУ-ын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт олон нийтэд мэдээлсэн юм. 

Холбоотой мэдээ