Сэлэнгэ аймгийн удирдлагууд сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-02-05 00:11:31

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын хурлын дарга Г.Бямбаа, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нар Сар шинийн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлээ.

Уг мэндчилгээнд, Сэлэнгэ сайхан нутгийн зон олон, монголын нийт ард түмэндээ XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон Гахай жилийн сар шинийн баярын мэндийг хүргэе. 

Монгол түмнийхээ хүнсний үйлдвэрлэлийн гол түүхий эд улаанбуудай, төмс, хүнсний ногоог уугуул нутгийнхаа үржил шимт хөрсөнд үйлдвэрлэж ард түмнээ 60 жилийн туршид хангаж ирсэн Сэлэнгэ нутгийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 131 дүгээр тогтоолоор Тариалангийн бүс нутгаар  баталгаажууллаа.

Ийнхүү Атар газар эзэмшсэний 60 жилийн босгон дээр бид бүхний газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэх зорилго, зорилтууд төрийн шийдвэрээр биеллээ олж Сэлэнгэ нутагт ашиг шим арвинтай фермерийн аж ахуй олноороо хөгжиж, бэлчээрийн мал аж ахуйтай иргэд мал сүргийнхээ бүтэц, чанарыг дээшлүүлэн фермерийн чиглэл рүү  шилжиж байна. Энэ цаг үед иргэн та ч бас бусадтайгаа хөл нийлүүлэн аймгийнхаа бодлого шийдвэрийг дэмжин мал сүргийнхээ чанарт анхаарч, тариаланчид малчид биесээ дэмжиж, төр захиргааны байгууллагууд, иргэдийн нягт хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна. 

Шороон гахай жил Сэлэнгэчүүдэд өгөөж буянаа харамгүй хайрлан, аж ахуйн нэгж, ард иргэдийн маань амьдрал өнгөжин хөгжиж амжилтаар арвин, үйлс бүтэж өлзий буян хурахын ерөөлийг өргөе. 

Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй гэжээ.

 

 

Холбоотой мэдээ