ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас түдгэлзүүлэх хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-03-16 14:18:13

УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар ”Шинэ төмөр зам” төслийн 55 тэрбум төгрөгийг угаасан хэрэгтэй холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр АТГ-т УИХ-ын гишүүн Х.Баттулгыг тус хэрэгтэй ямар ч холбогдолгүй болохыг нотлох, эрх зүйн байдлыг нь хангахтай холбоотой зарим нотлох баримтыг хавсралтаар багтааж хүргүүлсэн гэдгийг мэдэгдсэн юм.

Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар “Энэ хэргийг шалгаж эхлээд 5 сар болж байна. Гэтэл хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа ямар түвшинд байгаа нь тодорхой бус байна. "Энержи Ресурс Рэйл" компани төмөр замын суурь бутэц барих ажилд 93.6 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг нь худал болж зөвхөн 38 тэрбум төгрөгийн зардлыг ТӨХ баталгаажуулсан байна. Өнөөдрийг хүртэл үлдэгдэл 55 тэрбум төгрөгийн санхүүгийн анхан шатны баримт бүртгэлийг "Энержи Ресурс Рэйл" компани гаргаж өгөлгүй зайлсхийж Засгийн газрыг хууран мэхэлсэн гэж үзэхээр байна”.

Мөн тэрбээр цааш хэлэхдээ “Энэ зохиомол үнийн дүнг бий болгоход голлох үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй гэж АТГ үзээд Ахлах комиссар Бат-Олзвой "Энержи Ресурс Рэйл" компанийн гүйцэтгэх захирал Л.Оюунбатыг онц их хэмжээгээр улсыг залилан мэхэлсэн, гэмт хэрэг үйлдэж олсон материалыг нуун дарагдуулж болзошгүй мөн энэ хэргийн улмаас оргон зайлж болзошгүй, холбогдох асуудлаар дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлүүдийг гаргаж баривчилсан байсан. Гэвч одоогийн цагдаагийн удирдлагууд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж сулласан” гэв.

Энэ бүх асуудалтай холбогдуулан ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, шалгах хэрэгтэй гэсэн юм.

С.Сайнзаяа

Холбоотой мэдээ