Тав хүртэлх насны бүх хүүхдийг илрүүлэх үзлэгт хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-02-22 00:15:37

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас анх удаа орон нутгийнхаа 0-5 хүртэлх насны нийт хүүхдийг илрүүлэх үзлэгт хамруулахаар кампанит ажил эхлүүлжээ. 

Эхний ээлжинд үзлэгийг Алтай хотод цаашлаад сумдад  зохион байгуулах юм. Үзлэгийн хүрээнд хоол тэжээлийн дутагдал, амны хөндийн үзлэг, суурь өвчин /цус багадалт, рахит/ илрүүлэх ажээ. Энэхүү компанит ажлыг Есөнбулаг сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгээр хоёрдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 2-ныг дуустал арван хоногийн хугацаанд өрнүүлэх гэнэ. 

“0-5 хүртэлх насны хүүхдүүдийн суурь өвчлөлийн түвшин ямар байна вэ, хоол тэжээлийн дутагдалтай хэчнээн хүүхэд байгааг илрүүлж цаашид эмчилж эрүүлжүүлэх зорилготой юм” хэмээн тус аймгийн Эрүүл мэндийн газрын Хүүхэд хариуцсан мэргэжилтэн Н.Батцэцэг мэдээлэв. Түүнчлэн  үйл ажиллагааны эхний хоёр өдөр цэцэрлэгүүдэд үзлэг хийж байгаа бол үлдсэн хоногуудад айл өрхөөр явж харьяаны болон харьяаны бус хүүхдүүдийг үзлэгт хамруулна. Нэг ч хүүхэд үлдээлгүйгээр үзлэгээ явуулах зорилт тавиад байна гэлээ. 

Говь-Алтай аймагт 0-5 хүртэлх насны нийт 5722 хүүхэд байгаа бөгөөд тэдний 49 хувь буюу 2500 орчим нь Алтай хотод амьдарч байна. 


Холбоотой мэдээ