Сайншандын  сургууль гал тогооны иж бүрэн тоноглолтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-17 12:12:08

Дорноговь аймгийн Сайншанд сумын  ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль болон хүүхдийн 9 дүгээр цэцэрлэг гал тогооны иж бүрдлээр хангагдлаа.

Дээрх сургууль, цэцэрлэгийн  захирал эрхлэгч нар гуравдугаар сарын 11-нд Дорноговь аймагт ажилласан БСШУ-ны сайд Л.Гөнтөмөрт энэ асуудлыг тавьж шийдвэрлүүлжээ.  Сайншанд сумын есдүгээр цэцэрлэг нь 150 хүүхдийн багтаамжтай  ясли, бага, бэлтгэл, холимог насны  293 хүүхдийн бүртгэлтэй бөгөөд үүний  250 нь тогтмол цэцэрлэгээр хүмүүждэг байна.

Анги дүүргэлт өдөртөө 40-50 байдаг бөгөөд багтаамж нь 100 гаруй хүүхдээр  хэтэрсэн  талаар тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Шинэжаргал ярив. Мөн зургаан жилийн өмнө ашиглаж эхэлсэн гал тогооны хэрэгсэл нь муудсан учир ийнхүү шинийг авахаар болсон аж.

Цэцэрлэгийнхэн гал тогооны тоног төхөөрөмжөө  ирэх  дөрөвдүгээр сард хүлээн авах бөгөөд  энэ нь нэг, хоёрдугаар хоолны тогоо, хөргөгч, жигнүүр гээд хоол хийх хэрэгцээг хангах иж бүрдэл байх юм.      

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ