Марш тактикийн тэмцээнээр өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-18 11:33:20

Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний  95 жилийн ойн баярыг угтаж Дорноговь аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын цэрэг дайчид  марш тактикийн тэмцээнээр өрсөлдлөө.

 Жил бүр тохиодог тэмцээнд Зүүнбаянгийн Зэвсэгт хүчний 336 дугаар анги, Хилийн 0129 дүгээр анги, Хилийн 0168 дугаар анги, Хилийн 0108 дугаар анги, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харъяа 090 дүгээр тусгай салбар, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харъяа 253 дугаар тусгай салбар, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харъяа 281 дүгээр тусгай байгууламж, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар,  Сайншанд дахь төмөр замын 4 дүгээр анги зэрэг 10 анги, байгууллагын 100 гаруй алба хаагч  оролцож цэргийн бэлтгэлийн түвшин, хурд хүч, авхаалж самбаагаа сорив.

Марш тактикийн цогцолбор тэмцээний ялагчаар хурандаа Б.Батням захирагчтай Зэвсэгт хүчний 336 дугаар анги, дэд байрт хурандаа Д.Чойбаатар захирагчтай Хилийн 0129 дүгээр анги, гутгаар байрт дэд хурандаа О.Батгэрэл захирагчтай Хилийн 0108 дугаар ангиуд шалгарлаа.

Дашрамд дурдахад  1945 онд Монгол, Зөвлөлтийн цэргийн ангиуд болох Зөвлөлтийн Улаан армийн хурандаа И.С.Дорожинский даргатай мотобуудлагын 27 дугаар тусгай бригад, хурандаа Д.Нянтайсүрэнгийн командалсан хуягт бригад Сайншанд хотоос эх орны дуудлагаар мордож Монгол орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг харийн түрэмгийлэгчдээс сахин хамгаалах үйлсэд гарамгай гавъяа байгуулж байсан түүхтэй.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ