Эрэлхэг баатрын суу алдар мөнхөд дурсагдана

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2016-03-18 11:44:43

Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчиг бол чөлөөлөх дайны  баатар юм.  Дорноговь аймгаас төрсөн  ганц улсын баатар тэрээр 1918 онд мэндэлж бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж улмаар 1939, 1944 онд цэргийн албанд татагдан, 1945 оны 08 дугаар сард Чуулалт хаалганд болсон чөлөөлөх дайнд оролцож, анги нэгтгэлийнхээ давшилт, ялалтанд хүрэхэд  эрэлхэг байлдагчийн хувьд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Данзанваанчиг баатар эх орныхоо төлөө өөрийн амь насыг хайрлалгүй байлдаж, дайсны 30 гаруй амьд хүчийг устгаж, таван удаа биедээ хүнд шарх авч эмнэлэгт ухаангүй хүргэгдэн, эр зориг, хатуужлын улмаас  амьд гарсан байна.  Түүнийг гавьяа зүтгэлийг төр засаг үнэлж Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 1945 оны 9 дүгээр сарын 26-ны 79 дүгээр тогтоолоор БНМАУ-ын баатар цолоор шагнажээ.

Энэ дайнд Дорноговь аймгийн унаган хүү  Д.Данзанваанчиг болон цэргийн алба хааж байсан  С.Дампил, Л.Аюуш, хошууч Т.Дүүдэй, холбоочин М.Жанчив, хурандаа Д.Нянтайсүрэн нар баатарлагаар тулалдаж Монгол Улсын баатар цол хүртсэн билээ. Минометоо нуруундаа үүрч алсыг харан зогсож буй баатрын хөшөөг Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоор бүтээж Сайншандын ар хөтөл дээр байршуулсан юм.

Дайны дараа  тэрбээр аймгийнхаа номын сангийн эрхлэгчээр ажиллаж говийн ард түмэнд соёл боловсролын ажлыг хүргэхэд хүчин  зүтгэж байв.

Монгол цэргийн өдөр буюу зэвсэгт хүчний 95 жилийн ойг угтаж эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалахын төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж явсан эрэлхэг дайчдын суу алдрыг магтан дуулах, хойч үедээ таниулан сурталчлах ажлыг зарим   цэргийн хүрээний байгууллагууд зохион байгууллаа.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ