Аймгийн өргөмжлөлт эхчүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ, Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран энэ оны өргөмжлөлт эхчүүд, манлайлагч эмэгтэйчүүдийг тодруулан хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч, аймгийн
эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ч.Уранчимэг болон Хувь хүний хөгжлийн
институтын захирал, сэтгэлзүйч М.Алтанцэцэг нар оролцож, Улс, эх орныхоо
хөгжилд бодит хувь нэмрээ оруулан үр хүүхдээ өв тэгш хүмүүжилтэй, мэдлэг
боловсролтой иргэн болгон өсгөсөн эхчүүдийг өргөмжлөн, шагналыг нь гардуулан
өгсөн юм.
Тухайлбал, ”Дархан ээж”- ээр Монгол улсын Хошой аварга малчин Эрдэнэбүрэн сумын Шураг багийн өндөр настан Ч.Насанхүү, “Халамжит ээж”-ээр Чандмань сумын Жаргалант багийн иргэн Д.Бямбасүрэн, “Наран ээж”-ээр Жаргалант сумын Тахилт багийн О.Бадамжав, “Буянтай ээж”- ээр Дуут сумын Босго багийн иргэн Ц.Түмнээ, “Ачлалт ээж”-ээр Цэцэг сумын Цэцэг нуур багийн иргэн С.Сампил, “Оюунлаг ээж”-ээр Жаргалант сумын иргэн Г.Сонин, “Саран ээж”-ээр Алтай сумын иргэн Х.Цэвэлмаа, “Энэрэлт ээж”-ээр Мөст сумын иргэн О.Ичинхорлоо, “Манлай ээж”-ээр Дөргөн сумын Аргалан багийн иргэн Р.Хушигт нар шалгарч, энгэрийн тууз, өргөмжлөл гардан авав.
Түүнчлэн
Алагтолгой багийн иргэн Т.Наадгай, Магсаржав багийн иргэн М.Дунгаамаа,
Ш.Оюунхүү нарыг Ховд аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшуулсан байна.