Хятадууд маргаантай арлуудад хагас сая мод тарина
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН. /TASS/. Хятад улс Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудад 500 мянган мод тарихаар төлөвлөж байна.
“China Daily” сонинд мэдээлснээр, ийм төлөвлөгөөг Сиша бүлэг арал /Параселийн арал/, Наньша арлууд /Спартли/ зэрэг маргаантай арлууд бүрэлдэхүүнд нь албан ёсоор ордог Хятадын өмнөд нутгийн Хайнань мужийн Саньша хотын тойргийн эрх баригчид гаргажээ.
Мод тарих төсөл бол маш чухал юм гэж хотын эрх баригчид ярьсан байна. Ой мод нь салхины хамгаалалт болж, арлын эргийг элэгдэж, эвдрэхээс хамгаалж, бүс нутгийн экологийн байдлыг сайжруулан, хүн оршин суухад илүү тав тухтай орчныг бүрдүүлдэг. Мод тарих төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд амаргүй байна. Арлуудад модны суулгацыг хүргэх асуудлыг болон усны нөөцийн хязгаарлагдмал байдлыг зайлшгүй шийдэх шаардлагатай. Хятадуудын төлөвлөгөөг мөн байнга болдог хар салхи нурааж магадгүй.
Усны хомсдолыг шийдэхийн тулд хотын эрх баригчид 2 сая орчим юаниар ус цэвэршүүлэх төхөөрөмжүүд худалдан авчээ. Үүнээс гадна, борооны ус хуримтлуулах систем суурилуулсан байна.
Тарих мододын ихэнх нь элсэрхэг хөрсөнд маш сайн үндэслэдэг, чийглэг, халуун уур амьсгал бий болгодог наргил мод болон казуарина гэдэг мод аж. Өнгөрсөн онд хятадууд Өмнөд Хятадын тэнгисийн арлуудад 300 мянган мод тарьжээ.
Д.Жаргал