"Байлдагчийн зүрхнээс дуулж байна" тоглолт боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярыг тэмдэглэх ажлын хүрээнд "Байлдагчийн зүрхнээс дуулж байна" хүндэтгэлийн тоглолт анх удаа боллоо.
ЗХЖШ, ЦДБЭЧ-аас өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан хүндэтгэлийн тоглолтод Зэвсэгт хүчний 14 анги, байгууллагын 40 гаруй авьяаслаг алба хаагч оролцов. Дэлхийн болон Азийн бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээний тусгай байрын шагналт, бүжгийн спортын мастер, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байлдагч Б.Цэлмэг, ОХУ-ын Буриад улсад зохиогдсон Олон улсын дууны тэмцээний тэргүүн байрын шагналт, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн байлдагч Ц.Доржсүрэн, "Гэгээн алсын одод-2010" хүүхдийн урлагийн их наадмын анхны Гран при шагналын эзэн, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байлдагч Э.Бямбажав, "Сарны цом-2017" бүжгийн наадмын тэргүүн байрын шагналт, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн дэд түрүүч Т.Бямбадашням, "Уяачид дуулж байна-2018" улсын уралдааны шилдгийн шилдэг дуучин, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн дэд түрүүч О.Хувьтөгөлдөр, "Би эстрадын дуучин" уралдааны тэргүүн байрын шагналт, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч Д.Нямбаатар нарын зэрэг авьяаслаг залуус өрсөлдлөө.
ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат "Энэхүү хүндэтгэлийн тоглолт нь Зэвсэгт хүчинд алба хааж буй, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн албаны түрүүч, байлдагч нарын авьяас чадварыг иргэд, олон нийтэд таниулах, урлаг, соёлоор дамжуулан цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх, цэргийн алба хаахын ач холбогдлыг сурталчлан таниулах зорилготой. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар зорьж байна. Авьяаслаг хөвгүүдийнхээ тоглолтыг үзсэн эцэг, эхчүүд та бүхэндээ маш их баярлалаа" гэж баяр хүргээд, тоглолтод оролцсон алба хаагчдад талархал гардууллаа.