Тэмээний баяр боллоо

ФОТО МЭДЭЭ
batkhuu@montsame.mn
2019-03-11 17:14:41

Увс /МОНЦАМЭ/. Түмэн тэмээтэй Завхан суманд “Тэмээ-мөс-загасчлал-2019 наадмыг энэ амралтын өдрөөр зохион явууллаа. 

Эхний өдөр тэмээний баяр сумын төвд болсон бөгөөд энэ үеэр тэмээтэй жагсаал, тэмээний уралдаан, ганган тэмээтэй хос, шилмэл ингэ, буур шалгаруулах, тэмээнд ачаа ачих, тэмээн буухиа зэрэг уралдаан тэмцээн зохиолоо.

Тэмээний уралдаанд Увс аймгийн Завхан, Наранбулаг, Өлгий сумын болон Ховд аймгийн Дөргөн, Говь-Алтай аймгийн уяачид тэмээгээ оролцуулсан бөгөөд нийтдээ 44 тэмээ 12 км-ын зайд уралдаж Завхан сумын тэмээчид айргийн тавыг авлаа.

Тодруулбал, Айраг нуур багийн тэмээчин Б.Амгалангийн улаан ат түрүүлж, Айраг нуур багийн тэмээчин Д.Ган-Очирын шар ат аман хүзүүдэн, Шар булаг багийн тэмээчин С.Баянмөнхийн хар, Шар булаг багийн тэмээчин Б.Наранболдын хар, Айраг нуур багийн тэмээчин Д.Энхбатын хөх ат тус тус айрагдлаа. Тэмээтэй сайхан хос шалгаруулах тэмцээнд Завхан сумын Айраг нуур багийн тэмээчин Б.Дарханбаатар, Л.Цэцэгсүрэн нар түрүүлсэн бол Ховд аймгийн Дөргөн сумын тэмээчин С.Атарсүрэн, Б.Цэрэннадмид, Завхан сумын Хармагт багийн тэмээчин Г.Нямдаваа, Р.Туяа нар удааллаа.

Харин шилмэл буураар Айраг нуур багийн тэмээчин Г.Жалхаажавын халтар буур, шилмэл ингээр тус багийн тэмээчин Г.Алтансүхийн хүрэн ингэ тус тус шалгарлаа.

Тэмээнд ачаа ачих, буулгах тэмцээнд Завхан сумын Хяргас нуур багийн тэмээчин Я.Батаа, Ж.Туяа нар тэргүүлсэн бол Шар булаг багийн тэмээчин Д.Сүхбаатар, З.Бадам, Ж.Баатар, Т.Цэнгэлмаа нар удаалсан юм.

Тэмээний баярын үеэр 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор 100-гаас дээш тэмээ тоолуулсан Завхан сумын Айраг нуур багийн тэмээчин Т.Нэмэхжаргал, Хармагт багийн тэмээчин Д.Дулмаа, Хармагт багийн тэмээчин С.Угтахбаяр, Хяргас нуур багийн тэмээчин М.Батаа, 1000 мал тоолуулсан Завхан сум Хяргас нуур багийн малчин Д.Баяртай, М.Отгонхүү нарт тэмээн сүргээ өсгөн үржүүлсэн хөдөлмөрийг нь үнэлж сумын Батламж хадгалуулсан бол “Сайхан халиун” ХХК-иас өндөр настан, ахмад буурлууддаа гарын бэлэг гардууллаа.

Тэмээний баярыг аймгийн ЗДТГ-аас Завхан сумын ЗДТГ, аймгийн БОАЖГ, “Сайхан халиун” ХХК-тай хамтран зохион байгуулсан бөгөөд энэ үеэр “Ойрад” ХЖТ-ын уран бүтээлчид урлагийн тоглолтоо өргөн барилаа.