Ашиг сонирхлын зөрчил үүсэх 29 нэр дэвшигч байсныг тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-18 16:27:49

АТГ өнгөрсөн онд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 8119 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч хуулийн хугацаанд хянахад илт ашиг сонирхлын зөрчил үүсэх 29 нэр дэвшигч байгааг тогтоожээ.

Тиймээс тус газар энэ талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хариу өгч шийдвэрлэсэн байна. Илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон нэр дэвшигчдээс 24-ийг нь тухайн албан тушаалд томилоогүй байна. Харин 5 нэр дэвшигчийг томилжээ. Тухайлбал, Цэдэвдамба овогтой Батыг МИАТ ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр, Оюунчимэг овогтой Лхагвадоржийг ИНЕГ-ын Зорчигч, ачаа, шуудангийн үйлчилгээний газрын даргаар, Шаравсамбуу овогтой Гэрэлчимэгийг Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого, зохицуулалтын газрын даргаар, Дарьмаа овогтой Баттогтохыг Шивээхүрэн дэх гаалийн газарт улсын байцаагчаар, Лхамсүрэн овогтой Даваапилийг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариусан Замын орлогч даргын албан тушаалд тус тус томилсон байна. 

Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд заасныг зөрчиж томилогдсон нийт 110 албан тушаалтныг томилсон тушаал, шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллав. 

Холбоотой мэдээ