Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-19 20:26:04

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ИТХ-аас “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байна. Тэтгэлгийн  үндсэн зорилго нь аймаг, улсын олимпиадад амжилт гаргадаг хэдий ч амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, төлбөрийн чадвар муутай айл өрхийн  хүүхдүүдийг их дээд сургуульд элсэхэд нь тодорхой хувийн мөнгөн дэмжлэг үзүүлэх тэтгэлэг аж.

Мөн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар тухайн жилдээ орон нутагт нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалтыг баталж бүх байгууллагуудаас  эрэлттэй мэргэжлийн захиалга авч эргэж орон нутагтаа ажиллах нөхцлөөр эцэг эх, оюутан, сумын эрх бүхий албан тушаалтны хамтарсан гурван талын гэрээг байгуулж  тухайн оюутанд тэтгэлэг олгодог байна.

Замын-Үүд суманд дулааны станц, ус цэвэршүүлэх байгууламж ашиглалтад орсонтой холбогдуулж дулааны, ус хангамжийн инженер хэрэгтэй байгаа учир ШУТИС-д сурч буй зарим оюутан тус тэтгэлэгт хамрагдаж буй.

Тэтгэлэгт хамрагдах  оюутны  голч оноо нь 3-аас доошгүй байх, гурав, дөрөвдүгээр курсын оюутныг түлхүү хамруулж буй талаар сумын ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Отгонбаатар ярив.Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт нь жилдээ 10 сая төгрөг байдаг бөгөөд одоогоор 20 гаруй оюутан хамрагджээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ