Ховд аймгийн нийт хүн амын 12.8 хувийг казах үндэстэн эзэлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-22 15:55:47

Ховд /МОНЦАМЭ/. Казах үндэстний “Наурыз”-ын баяр тохиож байна.

2009 онд ЮНЕСКОоос “Наурыз”-ыг хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж, 2010 онд НҮБ Ерөнхий Ассамблейн чуулганаараа “Олон улсын Наурызын өдөр”-ийг тунхагласнаар нийт хүн төрөлхтөн Хаврыг угтаж, нарыг тосох тус баярыг өргөнөөр тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Энэ уламжлалын дагуу Ховд аймагт аж төрөн суугаа казах иргэд  “Наурыз”-ын баярын хурал, хүндэтгэлийн концерт зохион байгууллаа.

Ховд аймаг  87 мянга гаруй хүн амтай.  Үүний 12.8 хувийг казах үндэстэн эзэлдэг бөгөөд  Жаргалант, Мянгад, Буянт, Булган, Ховд, Үенч, Эрдэнэбүрэн суманд оршин суудаг. Тэдгээр иргэдийн төлөөлөл болон аймаг, сум орон нутгийн удирдлагууд  уг  баярын хуралд оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.

Энэ үеэр аймгийн Төр захиргаа, эрүүл мэнд, боловсрол, соёл  урлаг, батлан хамгаалах, дэд бүтэц, газар тариалан, нийтийн тээвэр, ХАА-н салбар болон хувийн хэвшилд олон жил үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжилд бодит хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн дээд одон, медаль”  гардуулж баяр хүргэлээ. 


Холбоотой мэдээ