Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхайг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-03-25 14:26:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн хамтын ажиллагаа-2019” зөвлөлгөөн Баруун-Урт суманд болж байна. Уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төлөөллүүдтэй аймаг орон нутгийн болоод холбогдох яамдын удирдлагууд уулзалдаж, салбарын нөхцөл байдал, цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна. Сүхбаатар аймаг цаашид байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхайг дэмжиж, хамтран ажиллана.

Сүхбаатар аймагт уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч 106 ААНБ бий. Үүнээс 62 нь ашиглалтын, 40 нь хайгуулын, дөрөв нь газрын тосны тусгай зөвшөөрөлтэй байна. Энэ нь тус аймгийн нийт газар нутгийн 4,61 хувийг эзэлж байгаа юм. Одоогоор идэвхтэй тогтмол үйл ажиллагаа явуулдаг долоон компани байгаа бол 16 компанийн үйл ажиллагаа түр зогсжээ. Эдгээр компаниуд нь нүүрс, цайр, төмрийн хүдэр, жонш олборлодог бөгөөд өнгөрсөн онд нийт 270,6 тэрбум төгрөгийн олборлолт хийсэн байна. Гэтэл үүнээс аймаг орон нутагт орж ирсэн мөнгө нь маш бага. Өөрөөр хэлбэл 2018 онд аймгийн ЗДТГ-аас долоон ААНБ-тай нийгмийн хариуцлагын гэрээг байгуулжээ. Үүнээс 1,8 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт орж ирснийг  боловсрол, эрүүл мэнд, ЖДҮ, харилцаа холбоо, дэд бүтцийн  салбарт зарцуулсан байна.

Уул уурхайн салбарын нөхцөл байдал амаргүй байгаа. Тулгамдаж буй гол асуудал нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна, тээвэрлэлтийн асуудал маш хүнд байна. Олон замаар тээвэрлэлт хийж байгаагаас шалтгаалан тоосжилт ихээр бий болж, улмаар нь энэ малчид, ард иргэдэд шууд нөлөөлж буй учир энэ талаарх гомдол их ирэх боллоо. Засгийн газрын тогтоол болоод Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтын дагуу нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах асуудлыг зөвлөгөөнөөр түлхүү ярьж байна. Үүгээр дамжуулж байгаль орчинд үзүүлж буй хорт нөлөөллийг бууруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд тодорхой хөрөнгө оруулалтуудыг компаниуд оруулах шаардлагатай. Тэгэхээр цаашид бүгд гэрээгээ байгуулаад, орон нутаг болоод байгаль орчинд ээлтэй, нээлттэй, ил тод уул уурхайг хөгжүүлж, иргэддээ үйл ажиллагаагаа зөвөөр ойлгуулж, улмаар иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчинг бий болгосон уул уурхайг бид дэмжиж ажиллана гэсэн чиглэлтэй байгаа гэдгийг аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар онцоллоо.


Уул уурхайн компанийн үйл ажиллагаа нь байгаль орчинд маш их сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс сөрөг нөлөөг бууруулахын тулд хууль тогтоомж, эрхзүйн хүрээнд бүх шийдвэрийг дагаж мөрдөн, хэрэгжүүлэх ёстой. Гэтэл энэ байдал Сүхбаатар аймагт хангалтгүй байгааг хэлсэн юм.

Энэ талаар аймгийн БОАЖГ-ын дарга Х.Төмөрхуягаас тодруулахад, Аливаа уул уурхайн компани байгаль орчны сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр тодорхой үүрэг хүлээж ажилладаг. Үүний хэрэгжилтэд, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан  мэргэжлийн байгууллага болоод иргэдийн төлөөллийг багтаасан ажлын хэсэг хяналт тавьж, үр дүнг тооцдог. Яг одоогоор үйл ажиллагаа явуулж буй ААНБ-уудад анхаарах, зөрчил дутагдалтай асуудлууд цөөнгүй бий. Тиймээс энэ зөрчлийг арилгах, хууль тогтоомжид нийцүүлэх тал дээр анхаарч байгаа. Аймаг орон нутгийн цаашдын бодлого бол, үнэхээр хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох чиглэлтэй ажиллаж байна гэсэн юм.

Одоогоор үйл ажиллагаа явуулж буй цөөн компаниас аймаг орон нутагтай тогтмол нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж, хамтран ажиллаж хэвшсэн компаниуд бий. Тэдний нэг бол "Цайрт минераль" ХХК юм. Тус компанийн хувьд жилд 1,5 тэрбум төгрөгийг аймгийн төсөвт оруулдаг бөгөөд үүнийгээ боловсрол, эрүүл мэнд, ЖДҮ-ийг дэмжих ажилд зарцуулдаг, мөн хяналт тавьдаг байна.

Энэхүү зөвлөлгөөнийг аймгийн ЗДТГ-ын санаачилгаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яамтай хамтран хийж байгаа аж. 

Холбоотой мэдээ