Ц.Алтантунгалаг: Эрүүл биетэй хүүхэд хөгжих, бүтээх, сэтгэх цаашлаад амжилттай суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-25 22:31:37

Ховд /МОНЦАМЭ/. Волейболын спортын мастер, АБТА, Магистр, Тэргүүлэх зэрэгтэй Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн захирал Ц.Алтантунгалагтай уулзаж, сургуулийн зорилго, зорилт, амжилт ололт, боловсролын шинэчлэл, эко орчин бүрдүүлж байгаа арга туршлагын талаар ярилцлаа.   


-Тус сургуулийг анх хэдэн онд байгуулсан бэ?

-Анх Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 7 дугаар сарын 18 өдрийн А/164 тоот захирамжаар Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч, тус оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 23 бүлэгт 679 сурагч, 66 багш ажилтантай сургалт хүмүүжлийн ажлаа явуулж эхэлсэн.

-Одоо хичнээн багш, сурагчтай вэ?

-Одоо  93 багш ажилтантай, 40 бүлэгт 1130 сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. 

-Танай сургуулийн бусдаас ялгарах  үнэт зүйл юу вэ?

-Манай сургуулийн үнэт зүйл бол эрүүл саруул өсөж, хөгжиж байгаа сурагчид, тэдэнд үйлчилдэг багш ажилтнууд минь юм шүү дээ. Бид хүүхдүүдээ сургахын зэрэгцээ эрүүл мэндэд тэр тусмаа амны хөндийн эрүүл мэндэд онцгой анхаарч шүдний өвчлөлгүй байх тал дээр нь анхаардаг. Үүгээрээ дамжуулан бид өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаг хүүхдийг л төлөвшүүлэхийг зорьж байгаа юм. Энэ бол бидний бусдаас ялгарах давуу тал. Эрүүл биетэй хүүхэд хөгжих, бүтээх, сэтгэх цаашлаад амжилттай суралцана гэж үздэг. Тиймдээ ч бид “Эрүүл чийрэг биетэй, эелдэг боловсон харилцаатай, өв соёлоо хүндлэн дээдэлдэг, сурах хүсэл сонирхолтой хүүхэд болон төлөвших” боломжийг бүрдүүлнэ. Мөн байгуулагдсан цагаас эхлээд өдийг хүртэл хугацаанд манай хамт олны гаргасан амжилт бүтээл бүхэн маань бас бидний үнэт зүйл бидний хамтдаа босгосон баялаг юм даа. 

-Богино хугацаанд ууган сургуулиудтай дүйцэх хэмжээнд хүрсэн амжилтаасаа хуваалцана уу?

-Би анх 2013 онд захирлаар ирж байхдаа энэ сургууль хамт олныг ямар менежментээр чиглүүлж, яаж ажиллаж ямар түвшинд хүргэх вэ гэсэн 5 жилийн, өөрөөр хэлбэл 2018 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө гаргаж байсан. 2011, 2012 оны ЭЕШ-ын оноогоор 17 дугаар байрнаас хойш жагсдаг байсан. Одоо 5 жилийн дараа харахад миний төлөвлөөгүй амжилтад хүрээд эхэлсэн байгааг бодоход бид их эрч хүчтэй, хурдтай, гар сэтгэл нийлж ажиллажээ гэж боддог.

Одоо 2016-2021 он хүртэл буюу дараагийн 5 жилийнхээ төлөвлөгөөг гаргаад явж байна. Бид сүүлд байгуулагдсан шинэ сургууль боловч маш хурдтай хөгжиж байгаа. Манай багш нар  сургуулиа гэсэн сэтгэлтэй, сурагчдынхаа төлөө анхаарал, халамж тавьж цаг наргүй зүтгэдэг, бас багаар их хамтарч ажиллаж чаддаг. Манай багш нарын хоорондын ажлын уялдаа маш нягт учраас хэддүгээр ангийн хэн гэдэг хүүхэд юуны хичээл дээр сайн, эсвэл хоцроод байна гэдгийг багш бүр мэддэг. Бид хүүхэд нэг бүрээ оношилсон гэсэн үг. Оношилгоон дээрээ үндэслэж юу хийхээ төлөвлөж, түүнийхээ дагуу багш бүр  үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж ажилладаг. Үүнээс гадна хүүхдэд ямар ахиц амжилт гарч байгааг дандаа тооцож ажилладаг. Хүүхэд нэг бүрийн ялгаатай байдлыг оношилсон учраас ажиллахад хялбар байдаг. Энэ нь сурлагын чанар сайжруулах хамгийн чухал хүчин зүйл болж байна. 2015 оноос хойш ЭЕШ-д манай сурагчид дандаа улсын дундаж давдаг болсон, эх хэлний шалгалтын оноогоор 2016 онд аймагт хоёрдугаар байр, 2017 онд нэгдүгээр байр, анги нийтийн олимпиадад эхний 5 байрт шалгардаг болсон зэргээс харж болно. Бид аливаа ажилд багаараа, сургуулиараа оролцож хийдэг. Иймдээ ч дараах амжилтуудыг гаргасан.

Бид  2016 онд “Эрүүл мэндийг дэмжигч” - загвар сургууль,  2018 онд “Эко” - сургууль, “Хүрэл гэрэгэ”, 2015, 2016, 2017, 2018 онд “Шилдэг үнэлгээтэй сургууль”, “ОНОС”–дэд төслийг хэрэгжүүлэгч-Загвар сургууль, Боловсролд тэгш хамруулагч ээлтэй сургууль зэрэг олон амжилтын эзэн болж чадсан.

-Багш, сурагч хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд ямар санаачилга гаргаж байна вэ?

-Хүүхэд бүрийг хөгжих, багш ажилтан бүрийг үр дүнтэй ажиллахад сургалтын таатай орчин зайлшгүй чухал. Орчин бүрдүүлэх төсөв гэж байдаггүй ч бид өөрийн нөөц боломжоор хүүхдэд ээлтэй, таатай орчин бүрдүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд багш нараа хөгжихөд нь мөн хичээлийн завсарлагаанаар амрахад тав тухтай болгон тохижуулсан, бүжиг, хөгжмийн, найрал дууны дугуйлан хичээллэх заалыг тохижуулсан, бага ангийн 21 бүлэг ангийн номын сантай болсон, Мөн ангиудынхаа ширээ сандлыг шат дараатай шинэчилж байна. Бид өөрсдийн санаачилгаар төсөл хөтөлбөрийн байгууллагуудад хандан төсөл бичих, аливаа зарлагдсан уралдаанд оролцох зэргээр санхүүгээ босгож, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг байнга эрэлхийлж  ажиллаж байна.

-Багш нарын ур чадварын тухайд...?

-Багш нарын ихэнх нь залуу, 5-10 жил ажиллаж байгаа. Тиймээс өөрчлөлт шинэчлэлийг сайн хүлээж авдаг, хурдан сэтгэдэг, зөв чиглүүлээд өгөхөд маш хурдтай боловсруулдаг давуу талтай. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг дандаа шинийг эрэлхийлж байдаг бүтээлч залуучууд байдаг.  ЭЕШ болон  олимпиад, уралдаан тэмцээнд бэлтгэсэн шавь нар нь, өөрсдөө ч эхний 5 байрт шалгардаг болсон. 2017-2018 оны хичээлийн жилийн мэргэжлийн хичээлийн олимпиадад 8 багш алт, мөнгө, хүрэл медаль хүртэж нийгмийн ухааны багш Д.Төмөрбаатар улсын олимпиадаас хүрэл медаль, технологийн багш Н.Идэрбаатар аймагт 2 удаа түрүүлж, Улсад 5 дугаар байрт шалгарсан, 2018-2019 оны хичээлийн жилийн мэргэжлийн хичээлийн олимпиадад багш технологийн багш О.Сэр-Од аймагт түрүүлж улсад 5 дугаар байр эзэлсэн  амжилттай байна. Мөн сургуулийн зүгээс багш нарынхаа ур чадвар, арга зүйг хөгжүүлэх тал дээр барьдаг бодлого бол хичээлийн 40 минутыг үр дүнтэй болгох, ээлжит хичээлийн төлөвлөлтөө сайн хийх тал дээр зөвлөгөө өгч хамтран ажилладаг.

Манай хамт олон хүүхэд танхимд олж авсан мэдлэгээ амьдрал дээр хэрхэн хэрэглээ болгож байна вэ гэдгээр багшийн ажлыг үнэлдэг. Манай сургууль ганц танхимын сургалтыг чухалчилдаггүй, танхимын бус сургалтаар хүүхэд юу хийж чадаж байна, хандлага, оролцоо нь ямар байна, бусадтайгаа яаж хамтарч байна, бусдын үгийг сонсож өөрийгөө нээлттэй илэрхийлж байна уу гэдэг чадварыг харж багшдаа үнэлгээ өгч, бас хүүхдийнхээ ур чадварыг  тогтоодог.

-Танай сургуулийг чиглэсэн их нүүдэл бий болж, бас сургууль, багшаа сонгох  хандлага ч ажиглагдаж байна?

-Манай сургуулийн суралцагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь нэгдүгээрт, манай багш нарын арга зүй, технологи дээшилж, хөгжиж олонд танигдаж байна. Нөгөө талаас сургуулийн маань орчин нөхцөл сайжирсан, багш ажилчдын харилцаа хандлага  эерэг. Энэ нь  эцэг эхчүүд, олон нийтэд үнэлэгдэж, манай сургуулийг сонгон хүүхдээ хөтлөөд ирэх нь нэмэгдэж байна. Нийгэмд хамгийн ихээр дутагдаж байгаа чанаруудыг хүүхдүүддээ шингээж, суулган өгөх юмсан гэж мэрийж ажилладаг. Дан ганц сургалт, сургалтын чанар гэхгүйгээр, бид хүүхэд нэг бүрийг олон чиглэлээр хөгжүүлж, хүнлэг энэрэнгүй  байх, миний санал чухал ч бусдын саналыг хүндлэх ёс зүйтэй зэрэг хувь хүний хөгжил талаас эерэг хүмүүжил олгохыг зорьж ажилладаг нь бас эцэг эхчүүд, олон нийтийн талархлыг хүлээдэг. 

-Сургуулийн хөгжил, сурагчдын боловсролд талуудын оролцоо чухал. Энэ тухай...?

-Хамгаас чухал. Бид эцэг эх, олон нийтийн оролцоо, төсөл хөтөлбөрийн байгууллага зэргийг сургуулийн үйл ажиллагаанд татан оролцуулж тэдний хүчийг сургалтад, мөн орчин бүрдүүлэхдээ ашиглаж чаддагаараа туршлагатай бас онцлогтой сургууль. Энэ нь ч бас бусад сургуулиудаас ялгарах онцлог байж магадгүй. Эцэг эхчүүдийн оролцоо дэмжлэгтэйгээр, хичээлээ таслаад  цахим тоглоом тоглодог хүүхэд байхгүй болсон. Мөн ухаалаг утасны хэрэглээг багасгасан, элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай бэлтгэдэг, сурагчдаа зөв дадал хэвшилд сургасан, хүүхдүүдийг маань дандаа урамшуулж өгдөг, багш нарын ажилд тусалдаг зэрэг олон зүйл дурдаж болно. Хамгийн тод жишээ бол бид эцэг эх, сурагчид, олон нийтийн оролцоотойгоор 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдүүлж чадсан. Ингээд бодохоор  бидний амжилт бүхэн нийт сурагчид, багш ажилтан, ажилчид, сургуулийн зөвлөл, эцэг эхийн зөвлөл, төсөл хөтөлбөр, түншлэгч байгууллагуудын хамтын ажиллагаа, идэвх зүтгэлийн үр шим гэж үздэг.

-Аливаа хамт олон зорилгоо зөв тодорхойлбол, үр дүнд  хүрэх хялбар нь байдаг болов уу?

-Тиймээ, тантай санал нэг байна. Зорилго тодорхой, биелэгдэхүйц, хэмжигдэхүйц байх ёстой. Бид ярилцаж байгаад тулгамдаж буй асуудлаа зорилгоо болгодог. Зорилго энгийн байх хэрэгтэй гэж боддог. Манай сургуулийн хувьд хүүхэд бүр зорилгоо тодорхойлдог, түүнээс нь ангийн ба сургуулийн зорилго гарч ирдэг. Сурагчид нь нэг өөр зорилго дэвшүүлээд, сургууль бүр өөр юм яриад байж болохгүй гэж боддог. Бид 2018-2019 онд “Эрүүл чийрэг биетэй, эелдэг боловсон харилцаатай, өв соёлоо дээдэлдэг, сурах хүсэл сонирхолтой хүүхэд болон төлөвших” боломжийг бүрдүүлнэ гэж зорилго тавьсан. Үүнийгээ бид хүүхдүүдийнхээ санал дээр үндэслэж, хамт олноороо ярьж дэвшүүлсэн. Энэ жил эелдэг боловсон харьцаатай гэж оруулж өгсөн. Зөв хандлагатай, бие биедээ тусалдаг, аливаад чин сэтгэлээсээ ханддаг хүүхэдтэй болохын тулд энэ зорилгыг оруулж ирсэн. Тэгээд манай сургуулийн бүхий л үйл ажиллагаа тус зорилтын төлөө төлөвлөдөг бас хийдэг. Хичээлийн жил дуусаад манай сургуулийн дотоод хяналт, үнэлгээ аудитын баг  сургуулийн зорилгоо хэрхэн хангаж ажилласан бэ гэдэгт үнэлгээ хийж, дүгнэлт гарган, улмаар хамт олны хурал дээр танилцуулж хэвшсэн бөгөөд үүнээсээ бид дараагийн жилийн ажлаа төлөвлөдөг. 

-Цөм хөтөлбөрийг яаж амжилттай  хэрэгжүүлж байна вэ?

-Цөм хөтөлбөр бол анги дэвшиж байгаа болон төгсөж байгаа хүүхдийг нэг ийм л мэдлэгтэй, ийм л чадвартай болгоод өгөөрэй гэж төрөөс бидэнд өгсөн захиалга гэж ойлгодог. Манай сургуулийн хувьд цөм хөтөлбөр хэрэгжүүлэхэд багш нарт хүүхдээ ямар аргаар яаж сургаж хөгжүүлэх, яаж төлөвшүүлэх нь багш таны өөрийн чинь эрх мэдлийн асуудал шүү, яаж ажиллаж болохоор байна түүнийгээ л хэрэгжүүл гэж эрхийг нь өгдөг. Харин хавар үнэлгээ хийхэд хүүхэд тухайн агуулгаа эзэмшсэн тодорхой түвшинд чадвар нь хөгжсөн л байх ёстой гэж үздэг. Харин сургуулийн зүгээс бид яаж дэмжиж тусалж болох вэ? Бид юуг нь хийх вэ? гэдгийг багш нартайгаа ярилцдаг.

Энэ нь хүүхдүүдийг мэдлэг эзэмшүүлэхэд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд захирал, менежер юун дээр  тусалж дэмжих вэ гэж л хамтардаг. Түүнээс биш би ангид ороод физик ч юмуу, англи хэл зааж чадахгүй. Тэгэхээр багш нараа дэмжиж, урамшуулах замаар л үр дүнтэй ажиллуулна гэж ойлгодог. Бид ийм л бодлого барьж ажилладаг. Манай багш нар задгай сэтгэдэг, тэр хэрээр хүүхдүүд нь хөгждөг. Бидний энэ дэмжлэг хамтын ажиллагаа  цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үндэс болдог.

-Танай сургуулийн хийж байгаа цаасан уут, даавуун торны талаар сонирхоё?

-Энэ бол мөнгө олох гэсэн, ашиг харсан бизнес огт биш. 2018 оны 10 дугаар сараас эхлээд гялгар уутны хэрэглээг багасгах зорилгоор 6000 ширхэг уут хийж, дэлгүүрүүдэд үнэгүй тараасан. Нийлэг уутыг хэрэглэхийг хориглосон Засгийн газрын тогтоол 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжээд эхлэх үед бид даавуун тор оёж эхэлсэн байгаа. Цаасан уут, даавуун торыг хүүхдүүд технологийн хичээлийн сонгоны цаг дээр хийдэг, багш ажилчид хичээлгүй үедээ хуваарийн дагуу хийж хэвшсэн. Ингэснээрээ бид хүүхдүүдээ орон нутгийнхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж болох юм байна гэсэн итгэл үнэмшил төрүүлэх, цаашлаад хүмүүжил төлөвшилд нь эерэг хандлага бий болгох байгаль дэлхийгээ хайрладаг, бусдад тусалдаг, зөв хандлагыг л бий болгох давхар зорилго оршиж байгаа юм. Ингэснээр хүүхдүүд хүмүүнлэгийн үйлсэд нэгддэг нийгмийн сайн сайханд өөрийн хувь нэмрээ оруулах, ухамсар суух, багаар ажиллаж сурах зэрэг олон чанарыг хүүхдэд суулгаж өгч байна. Үүнээс гадна 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгосон. Бид дотоодын үйлдвэр үйлчилгээгээ дэмжих ёстой гэдэг эх оронч үзлийг суулгаж, бас хүүхдүүд, багш ажилчдад сурталчлан ойлгуулж байгаа нэг ажил юм даа. Ер нь зөв хандлагатай иргэнийг багаас нь төлөвшүүлнэ гэж боддог.

-Төвийн сургуулиудаас анх удаа алслагдсан багийн сурагчдын  сурах, хөгжих, амьдрах орчныг бүрдүүлэхэд  томоохон хөрөнгө оруулалт хийж, Жаргалант сумын ЕБ-ын Долоодугаар сургууль шинэ дотуур байртай болно. Энэ талаар...

-Тиймээ, Зарим хүмүүс аймгийн төвийн сургууль дотуур байр хэрэггүй гэх мэтээр шүүмжлэх  маягтай  байдаг. Зайлшгүй  хэрэгцээтэй учраас л би 2013 оноос анхаарч ажилласан. Тэгээд багш сурагчид, эцэг  эхчүүдтэй хамтран зүтгэсний хүчинд хүүхдэд хайртай сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар шийдэгдсэн. Манай сургуульд малчин өрхийн хүүхдүүд ихэвчлэн сурдаг. Хөдөөний хүүхдүүд айлд хэцүү байна. Ялангуяа 6 настай хүүхдүүдэд хүндрэлтэй. Орой хичээл  тараад явахад нохой, согтуу  хүн гээд тэднийг минь айлгах, шоглох энүүхэнд. Бас хүүхдийнхээ эрхээр аав, ээж нь тусдаа, нэг нь малаа дагадаг, нөгөө нь хүүхдээ дагадаг, зарим нь айлын хашаанд томхон ах эгчид нь даалгаад эзэнгүй хашаанд эзгүй гэрт хэдэн хүүхэд орхиж байна. Тэд асран хамгаалагч, хариуцах эзэнгүй учраас гэмт хэрэгт өртөх, гэмт хэргийн золиос болох, буруу зуршилд татагдах магадлал өндөр байгаад л санаа зовдог эрүүл мэндийг нь ч хариуцах хүнгүй. Ийм үед манай багш ажилчид сургуулийн эмч, СНА нар асран хариуцаж байна. Хичээл тараад л харж харгалзах хүнгүй болж байна. Иймд бид хүүхдүүдийн төлөө тэдний аюулгүй байх сайн сайхны төлөө л хийсэн ажил гэж үзэж байгаа юм. Эрүүл аюулгүй орчинд сургаж хөгжүүлэх  үүргийг  би  төрийн өмнө хүлээсэн хүн учраас боломж бололцоогоор хөөцөлдөж дэмжигдсэнд баяртай байгаа. Хүүхдүүд ямар ч байсан багш нарын хараа хяналтад, бас дугуйланд хамрагдах боломж нэмэгдэж, улмаар сурлагын чанарт ахиц гарна гэж тооцож байгаа. Энэ бол яах аргагүй том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт. Одоо барилгын ажил шав тавигдаад эхэлсэн, ажлын явц гүйцэтгэл 30 хувьтай явж байна даа.

Ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье. 

 

 


Холбоотой мэдээ