УБТЗ “Утаагүй вагон” төслийг хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-03-25 17:50:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ зорчигчийн вагоны зуухны янданд дэвшилтэт технологийн “Japan Flare” төхөөрөмжийг суурилуулж, агаарын бохирдлыг бууруулж, нүүрсний зарцуулалтыг багасгах  “Утаагүй вагон” төслийг хэрэгжүүлж байна.

Өнөөдөр дээрх төхөөрөмж суурилуулсан эхний 20 вагоныг аялалд гаргах ёслол боллоо. Энэ үеэр тэдгээр вагоны зуухны яндангаас гарах угаарын хий буюу нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээг хэмжиж үзэхэд,  825 мг шоо дөрвөлжин метр байсан бол төхөөрөмж суурилуулаагүй вагоных 6689 мг байлаа. Монгол Улсын стандартаар зуухны яндангаас гарах хортой утааны хүлцэх дээд хэмжээ 4000 мг шоо дөрвөлжин метрээс хэтрэхгүй байх ёстой аж.

Үүнээс харахад “Japan flare” төхөөрөмж вагоны зуухнаас ялгарах угаарын хийн хэмжээг 8.8, стандартаас 4.7 дахин багасгаж байна. Үүнийг Нийслэлийн Агаарын чанарын алба, МХЕГ, Дулааны техник үйлдвэрлэл- экологийн хүрээлэн зэрэг газрын лабораториуд тодорхойлж гаргасныг өнөөдөр мөн танилцууллаа.

УБТЗ нийгэмлэг олон улсын болон орон нутгийн чиглэлийн зорчигчийн 282 вагонтой. Нийт вагоныг галлах үед дунджаар 10 мянган тн түүхий нүүрс түлдэг нь 3500 айлын яндангаас гарах хэмжээний утааг нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр орчимд үүсгэдэг байна. Тиймээс цаашид нийт вагонд “Japan flare” төхөөрөмжийг яаралтай суурилуулах шаардлагатай байгааг өнөөдөр болсон ёслолд оролцсон мэргэжлийн хүмүүс хэлж байв.

Холбоотой мэдээ