“Boeing 737 Max” Флоридад ослын буулт хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-03-27 11:06:14

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын агаарын тээврийн “Southwest Airlines” компанийн “Boeing 737 Max 8” загварын нисэх онгоцны хөдөлгүүрт доголдол гарсны улмаас Флорида муж улсад мягмар гарагт ослын буулт хийсэн байна.


Холбооны нисэхийн удирдах газрын мэдээлснээр, уг ослын буулт нь гуравдугаар сард Этиопт, өнгөрсөн 10 дугаар сард Индонезид гарсан ижил загварын онгоцны осолтой холбоогүй ажээ.


“Нисэх онгоц Флорида муж улсын “Орландо” олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрсний дараахан хөдөлгүүрт доголдол үүссэн талаар нисэх багийн ажилтнууд мэдээлж, нисэх онгоцны буудалд эргэн газардсан” гэж Southwest Airlines” компанийн төлөөлөгч мэдээлсэн байна.


Уг нисэх онгоцонд зорчигч байгаагүй ба нисэх багийн хоёр ажилтан гэмтээгүй байна. “Boeing 737 Max 8” онгоцыг Калифорни дахь нисэх онгоцны түр хадгалах газарт тавих зорилгоор нисгэсэн ажээ. Этиопт болсон ослын дараа АНУ-ын нисэхийн удирдлагууд энэ загварын бүх онгоцны нислэгийг түр хугацаагаар зогсоосон билээ. 

Холбоотой мэдээ