Москвад айлчлах Ким Жөн Уны зорилго юу байж болох вэ?

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-04-04 11:10:15

ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.Колокольцев даваа гарагт Пхеньянд хүрэлцэн ирсэн нь БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Уны Орос улсад хийх гэж буй айлчлалын бэлтгэлийг хангах зорилготой байж магадгүй гэж хэвлэлүүдэд таамаглан бичиж байна. Харин албан ёсны мэдээлэлд “энэ бол өмнө нь төлөвлөсөн хариу айлчлал” гэдгийг дурджээ.


Ер нь бол, Ким Жөн Ун Орос улсад айлчлах гэж байгаа тухай мэдээлэл урьд нь гурван ч удаа цацагдаж байсан юм. Тухайлбал, 2015 онд Улаан талбайд болсон Ялалтын 70 жилийн ойн баяр ёслолд Ким Жөн Ун оролцоно гэж байсан боловч тэрбээр Москвад ирээгүй.


2018 оны 5 дугаар сарын сүүлчээр Пхеньянд айлчилсан Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ОХУ-д зочлох албан ёсны урилгыг БНАСАУ-ын удирдагчид гардуулан өгч байсан. Мөн ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга В.Матвиенко Пхеньянд Ким Жөн Унтай уулзах үеэрээ Орост айлчлах урилгатайг нь түүнд нотлон хэлж байв. Үүнээс улбаалан “2018 онд багтан Ким Жөн Ун Москвад айлчилна гэж шинжээчид таамаглаж байлаа.


Түүнчлэн өнгөрсөн оны 9 дүгээр сард ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад /ВЭФ-2018/ Ким Жөн Ун оролцож магадгүй гэсэн мэдээлэл хэвлэлүүдэд гарч байсныг уншигчид санаж байгаа биз ээ. Гэвч Умард Солонгосын эсрэг авсан олон улсын 9 багц хориг арга хэмжээ үйлчилсэн хэвээр байгаа энэ үед хамтран ажиллах тухай асуудлыг хэлэлцэх боломжгүй гэж үзээд Ким Жөн Ун Владивостокт ирээгүй байж болох юм.  


Ингээд энэ оны 2 дугаар сарын сүүлчээр болсон Ханойн уулзалт бүтэлгүйтсэний дараа Ким Жөн Ун Орос улсад айлчилж магадгүй гэсэн яриа тархсан билээ. 3 дугаар сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков мэдэгдэхдээ “дипломат шугамаар тохиролцсоны дараа айлчлалын талаарх мэдээллийг өгнө” гэсэн юм.


Хэдийгээр айлчлалын товыг албан ёсоор зарлаагүй боловч Ким Жөн Ун 5 дугаар сард Москвад айлчлах болов уу, тэрбээр хуягт галт тэргээр Москвад ирж магадгүй, эсвэл уг галт тэргээр Бээжинд очоод дараа нь тусгай онгоцоор Москвад ирнэ гэх мэтээр шинжээчид таамаглаж байна.


Энэ удаад удаан хүлээлгэсэн айлчлал үнэхээр болох аваас энэ нь Ким Жөн Уны хувьд Орост ирж буй анхны тохиолдол болно. Одоогоос 35 жилийн өмнө түүний өвөг эцэг, БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сен ЗХУ болон социалист орнуудад айлчилж байв. Энэ үйл явдлын тэгш ой тохиож буй үед өвөг эцгийнхээ дүр төрхийг дууриасан Ким Жөн Ун Москвад ирснээр уг айлчлал тодорхой утгаараа бэлгэдлийн шинжийг агуулна. Түүний эцэг Ким Жөн Ир 2002 ба 2011 онуудад хуягласан галт тэрэг хөлөглөн ОХУ-д айлчилж байв.

Харин ЗХУ задран унасны дараа Орос-Умард Солонгосын харилцаа үндсэндээ хумигдсан гэж хэлж болно. Үүний жишээ бол, 1994 онд БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен таалал төгсөх үед Оросын дээд удирдлага албан ёсоор эмгэнэл илэрхийлээгүй явдал юм.


Эдийн засгийн хамтын ажиллагаа


Харин В.В.Путин 2000 оны 7 дугаар сард Оросын Ерөнхийлөгчийн хувьд анх удаа Пхеньянд айлчлах үеэрээ хоёр талын улс төрийн хэлхээ холбоог идэвхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх талаар тохиролцоонд хүрсэн байна.


Социализмын үед ЗХУ нь БНАСАУ-ын худалдааны гол түнш байсан бөгөөд 1990 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 2,2 тэрбум долларт хүрч байсан бол одоо дөнгөж 80 орчим сая доллароор хэмжигдэж байгаа ажээ.  Орос улсад Умард Солонгосын 35 мянган иргэн хөдөлмөр эрхэлдэг байсан бол олон улсын хоригийн дагуу оросууд 2019 оны эцэс гэхэд ажиллах хүчин авахаа зогсоох ёстой юм.


Ким Жөн Уны 5 дугаар сард хийж магадгүй байгаа айлчлалын үеэр хоёр орны худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүний тулд БНАСАУ-ын эсрэг авсан олон улсын хориг арга хэмжээг зөөлрүүлэх, цаашдаа цуцлах боломжийг хэлэлцэх нь ойлгомжтой. Тодруулбал, БНАСАУ пуужингийн туршилтаа зогсоож, цөмийн туршилтын талбайгаа хаасан учраас Оросын тал хориг арга хэмжээгээ эргэн харна уу гэсэн хүсэлтийг Ким Жөн Ун тавих болов уу. Түүнээс гадна, хоригийг зөөлрүүлэх асуудлаар АНУ-тай хийж буй хэлэлцээнд зуучлагчаар оролцохыг Ким Жөн Ун Оросын Ерөнхийлөгчөөс хүснэ гэдгийг улс төр судлаачид үгүйсгэсэнгүй.


Ким Жөн Уны Москвад хийх айлчлалын үеэр хэлэлцэх нэг чухал асуудал нь Хасан-Ражин чиглэлийн төмөр замын төсөл байх болов уу. Умард Солонгосын Ражин бол хөлддөггүй боомт бөгөөд ЗХУ-ын үед уг боомтоор олон сая тонн ачаа тээвэрлэж байжээ. Одоо Хасан-Ражин төсөл нь Өмнөд Солонгосоос Умардын төмөр зам болон Транс-Сибирийн төмөр замаар тив дамнан ачаа тээвэрлэх томоохон хөтөлбөрийн салшгүй нэг хэсэг болж байгаа юм. Үүнтэй холбогдуулан дурдахад, өнгөрсөн оны 4 дүгээр сард болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хоёр орны төмөр замыг холбох саналыг Ким Жөн Унд тавьж байсан билээ. Энэ саналыг “Оросын төмөр зам” /РЖД/ хувь нийлүүлсэн нийгэмлэг дэмжин сайшаасан байна. Учир нь, Транс-Солонгосын төмөр замыг Транс-Сибирийн төмөр замтай холбосны дүнд “Дорно-Өрнө” гэсэн тээврийн коридор бий болж, хоёр Солонгост үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг БНАСАУ болон ОХУ-ын нутгаар дамжуулан Европ руу гаргах боломжтой болно. Ингэснээр Солонгосын хойгоос Оросын нутгаар дамжин өнгөрөх ачааны хэмжээ эрс нэмэгдэж, РЖД нийгэмлэгийн транзит тээврийн хүчин чадал өсч, орлого нь нэмэгдэх юм.


Өөр нэгэн том төсөл бол, Оросоос Умард Солонгосын нутгаар дайруулан Өмнөд Солонгост байгалийн хий ба цахилгаан эрчим хүч нийлүүлэх явдал. Гурван тал нэгэнт тохиролцоонд хүрээд байгаа бөгөөд гагцхүү улс төрийн нөхцөл байдлаас төслийн хэрэгжилт шалтгаалж байгааг ОХУ-аас БНАСАУ-д суугаа Элчин сайд Александр Мацегора хэллээ.


Солонгосын хойгийн асуудал


Хоёр орны удирдагчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хэлэлцэх нь ойлгомжтой. Эл асуудал бол Зүүн Хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хамгийн чухал зорилт бөгөөд Орос улсын оролцоогүйгээр аюулгүй байдлын механизмыг бүрдүүлэх нь боломжгүй хэрэг билээ. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулснаар Алс Дорнодод аюулгүй байдал хангагдаж, улмаар эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжинө гэж Оросын шинжээчид үздэг.


Солонгосын хойгийн асуудал бол хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд ба Ойрхи Дорнодын асуудлын дараа орох Орос улсын гадаад бодлогын чухал чиглэл гэдгийг Оросын солонгос судлаач Константин Асмолов онцлон тэмдэглэлээ. Түүний үзэж байгаагаар, Ким Жөн Ун айлчлалынхаа явцад Ханойд болсон уулзалтын үр дүнгийн талаар В.Путинд мэдээлэл өгч, цаашид баримтлах стратегийн байр сууриа харилцан зөвшилцөх болов уу. Ханойн уулзалт бүтэлгүйтсэн нь яриа хэлэлцээ дууссан гэсэн үг биш, энэ бол түр зуурын хүндрэлтэй асуудал гэж Москва, Пхеньян хоёр үзэж байгаа юм. Түүнээс гадна, БНАСАУ Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнд нэгдсэн тохиолдолд ОХУ-ын зүгээс Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа өгөх асуудлыг хэлэлцэж магадгүй гэдгийг Оросын зарим шинжээч онцолж байна.


“АНУ-БНАСАУ-ын хэлэлцээ ямар нэгэн асуудалгүйгээр явагдаж байх үед Орос улсын оролцоо төдийлөн шаардлагатай биш байсан. Харин одоо бид Солонгосын хойгт энхийн үйл явцыг сэргээхэд зуучлагч биш юм аа гэхэд зөвлөгчийн үүрэгтэйгээр оролцох боломжтой. Хоёр орны хооронд парламентын шугамаар, худалдаа-аж үйлдвэрийн танхимуудын шугамаар өрнөж буй хамтын ажиллагаа маш сайн байгаа. Иймээс Ким Жөн Ун ОХУ-д айлчлах магадлал өнгөрсөн онтой харьцуулахад илүү бодитой болсон” хэмээн Оросын солонгос судлаач Георгий Толорая ярьж байна.


Харин АНУ-ын ТТГ-ын Солонгосын хөтөлбөрийн төвийн дарга асан Эндрю Кимийн үзэж байгаагаар бол, Ким-Трампын хоёрдахь Дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэний дараа Москватай нягт харилцаатай гэдгээ Вашингтонд харуулахын тулд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Москвад ирэх гэж байгаа ажээ. Ханойд болсон уулзалтын явцад талууд ямар ч тохиролцоонд хүрч чадаагүйн гол шалтгаан нь Америкийн тал Пхеньяны орчимд орших уран баяжуулах нууц үйлдвэрээ хаахыг Ким Жөн Унаас шаардсанаас үүдэлтэй гэж Америкийн тагнуулын албаны шинжээч тайлбарлалаа.


Нөгөөтэйгүүр, америкчууд хоригоо цуцлахыг хүсэхгүй байгаа энэ үед Умард Солонгосын тал ч хариу алхмаа бодож боловсруулж байна. АНУ-тай тохиролцоонд хүрэх нь цаг хугацааны хувьд улам давчуу болж, нөхцөл байдал хүндэрч байна. Учир нь, ирэх онд АНУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа эхлэх бөгөөд Трамп дахин сонгогдох эсэх, Умард Солонгосын талаарх Америкийн шинэ удирдагчийн бодлого хаашаа эргэх нь тодорхойгүй байгаа үед Ким Жөн Ун  цөмийн зэвсэгтэй гүрний удирдагчийн дэмжлэгийг авахын тулд Москвад айлчилна хэмээн дүгнэж буй ажиглагчид бий.


Б.Адъяахүү  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ