Сэлэнгэ аймгийн Хараа бүсийн ахмадууд урлаг, спортоор өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-04-12 15:32:30

Сэлэнгэ /МОНЦАМЭ. Сэлэнгэ аймгийн Хараа бүсэд Мандал, Баянгол, Ерөө, Хүдэр сум, Түнхэл, Хэрх, Бугант тосгон хамрагддаг. Тус бүсийн ахмадуудын биеийн тамир спорт, соёл урлагийн нэгдсэн үйл ажиллагаа Мандал сумын Хэрх тосгонд энэ сарын 11-ний өдөр болов.

Энэхүү спорт, урлагийн нэгдсэн үйл ажиллагаанд Ж.Алтанзаан даргатай Мандал сум, Х.Говь даргатай Баянгол сум, Л.Буяндэлгэр даргатай Хэрх тосгон, Т.Дамдинсүрэн даргатай Түнхэл тосгоны ахмадууд оролцож, гар бөмбөг, ширээний теннис, дардс, шагайн харваа, шатар, даам гэсэн зургаан төрлөөр өрсөлджээ. Ингээд тэмцээний нийлбэр оноогоор Л.Буяндэлгэр ахлагчтай Хэрх тосгоны ахмадын хороо тэргүүлж, удаах байруудад Мандал, Баянгол, Түнхэл тосгоны баг тамирчид шалгарсан байна.

Ахмадуудын урлаг, спортын цэнгүүнд Мандал сумын ИТХ-ын дарга Б.Ганболд, Хэрх тосгоны захирагч Д.Дашзэвэг, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бие төлөөлөгч н.Баярхүү, Аймгийн ахмадын хорооны УЗ-ийн гишүүн Л.Цэндсүрэн нар оролцжээ. Энэхүү Хараа бүсийн ахмадуудын дунд зохион байгуулсан нэгдсэн үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат ивээн тэтгэсэн байна. 

 

Холбоотой мэдээ